Уншиж байна ...

Эпштейний дуулианд нэр холбогдсон Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы гүйцэтгэх захирал албан тушаалаасаа огцров

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 33 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы (ДЭЗЧ) ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Бёрге Бренде бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейн агсантай холбоотой байсан нь илэрсний улмаас Пүрэв гарагт албан тушаалаасаа огцрох шийдвэрийг зарлажээ.

2017 онд ДЭЗЧ-ы ерөнхийлөгчөөр томилогдсон Норвегийн улс төрч энэ хүн Эпштейнтэй гурван удаа оройн зоог барьж, мессэж, имэйлээр харилцаж байсан нь АНУ-ын хууль зүйн яамны нууцаас ил гаргасан хэргийн баримтуудаас ил болсон юм.

“Сайтар бодсоны эцэст би ДЭЗЧ-ы ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргалаа. Миний энд 8.5 жил ажилласан хугацаа маш их үр өгөөжтэй байсан” гэж Бренде мэдэгдсэн ч үүндээ Эпштейний нэрийг дурдаагүй байна.

Тэрбээр өмнө нь Норвеги улсын гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан юм.

Бренде 2018 онд анх Эпштейнтэй уулзсан бөгөөд энэ үед түүний намтар, гэмт хэрэгт холбогдсон түүх зэргийг мэдээгүй байсан, энэ талаар нарийвчлан шалгаагүйдээ харамсдаг гэж өмнө нь мэдэгдэж байжээ.

Жил бүр Давост чуулган зохион байгуулдаг Женевт төвтэй ДЭЗЧ байгууллагын хамтарсан гүйцэтгэх удирдлагууд болох Андре Хоффман, Ларри Финк нар сүүлд гаргасан мэдэгдэлдээ Брендег шалгасан хөндлөнгийн хуульчдын ажил дууссан бөгөөд гэмт хэргийн чанартай зүйл нэмж илрээгүйг дурдсан байна.

Энэ мэдэгдэлдээ тэд бас Брендегийн ажлыг Алоис Звингги хүлээн авч, түр хугацаанд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашихаар болсныг мэдээлжээ.

Өнгөрсөн сарын сүүлээр АНУ-ын хууль зүйн яам 2019 онд шоронд нас барсан Эпштейн агсны хэргийн материал болох гурван сая орчим хуудас бичиг баримтын хуулбарыг олон нийтэд ил болгож дууссан юм.

Уг баримтуудад АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп, ерөнхийлөгч асан Билл Клинтон, тэрбумтан Илон Маск зэрэг олон алдартай хүмүүсийн нэрс дурдагдсан байгаа.

Одоогоор АНУ-аас гадна Их Британийн хунтайж асан Эндрью Маунтбаттен-Уиндсор, тус улсаас Вашингтонд суух элчин сайд асан Питер Мэнделсон зэрэг хүмүүстэй холбоотой баримтыг хуулийн байгууллагууд шалгаж эхлээд байна.

 

Эх сурвалж: Reuters