Бэлгийн хүчирхийлэгч Эпштейн агсны хэрэгт нэр алдартай олон хүн холбогдсоны нэг нь Майкрософт компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гэйтс билээ.
Тэр саяхан өөрийн тэргүүлдэг Gates Foundation сангийн ажилтнуудтай уулзахдаа гэргийгээ араар нь тавьдаг байснаа хүлээсэн ч Эпштейний хэргийн хохирогчидтой ямар ч холбоогүй байснаа баталжээ.
Дээрх уулзалтын ярианы бичлэгийг олж авсан “The Wall Street Journal” сонин өчигдөр Гэйтсийн ярьсан зүйлийн тоймыг нийтэд мэдээлсэн байна.
Гэйтс энэ үеэр Эпштейнтэй үүсгэсэн харилцаа нь түүний буяны сангийн үйл ажиллагаанд нөлөөлсөнд харамсаж байгаагаа илэрхийлжээ.
“Эпштейнтэй цагийг өнгөрөөсөн нь миний хувьд маш том алдаа байсан” гэж хэлсэн Гэйтс сангийнхаа удирдлагуудыг бас түүнтэй уулзуулсандаа харамсаж явдгаа нэмж хэлсэн байна.
“Миний алдаанаас болж ийм зүйлд өртсөн хүмүүсээс уучлалт гуйж байна” гэж тэр хэлжээ.
Одоо 70 настай Гэйтс энэ үеэр гэр бүлээс гадуурх хоёр удаагийн харилцааныхаа талаар дэлгэсэн байна.
“Би нэг хөзрийн тоглоомд оролцохдоо танилцсан орос тоглогчтой, бас бизнесийн шугамаар танилцсан Оросын цөмийн физикчтэй дотно харилцаатай байсан” гэж тэр хэлжээ.
Харин Эпштейний хэргийн хохирогч эмэгтэйчүүдтэй ямар нэг байдлаар холбоотой байснаа тэр няцаасан байна.
“Би ямар ч хууль бус зүйл хийгээгүй. Хууль бус зүйл хараагүй” гэж Гэйтс энэ үеэр хэлжээ.
Эпштейн агсныг насанд хүрээгүй хүнийг садар самуунд уруу татсан хэргээр шийтгүүлснээс нь хойш гурван жилийн дараа буюу 2011 онд Гэйтс түүнтэй анх танилцаж байсан гэнэ.
Энэ үед Эпштейн зорчих эрхтэй холбоотой “ямар нэг 18 сарын” асуудалтай байсныг сонссон ч уг шалтгааныг нь тодруулалгүй түүнтэй танилцаж байжээ.
Хэдийгээр тухайн үед гэргий нь байсан Мелинда 2013 онд Эпштейний талаар анхааруулсан ч харилцаагаа дахин нэг жил орчим хугацаанд үргэлжлүүлснийг Гэйтс сангийнхаа ажилтнуудад ярьсан байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!