Уншиж байна ...

Байгал нуурын мөсөн дээгүүр зорчих аюултай болсны улмаас Ольхон арал дээр 3,000 гаруй жуулчин гацжээ

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том цэнгэг устай нуур болох Байгал нуурын Ольхон арал дээр 3,000 гаруй хүн буцах замгүй болж гацсаныг Оросын эрх баригчид Лхагва гарагт мэдээлжээ.

Тэдгээрийн 250 орчим нь гадаадын жуулчид болохыг Эрхүү мужийн захирагч Игорь Кобзев хэлсэн байна.

“Шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн, эмийн хангамж хангалттай байгаа. Жижиглэн худалдаачид болон эмийн сангуудтай тохиролцсон” гэж тэр мэдэгджээ.

Байгал нуурын мандал жил бүрийн нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл хөлддөг бөгөөд шил мэт тунгалаг, зузаан мөс нь жуулчдыг татах нэг хүчин зүйл болдог байна.

Ольхон арлыг чиглэсэн мөсөн замуудыг ихэвчлэн хоёроос гуравдугаар сарын хооронд идэвхтэй ашигладаг.

Гэсэн хэдий ч энэ өвөл тус арлыг чиглэсэн замуудын мөсний зузаан хангалтгүй байгаа нь тээврийн хэрэгсэл зорчиход аюултай болгосныг Кобзев тайлбарласан байна.

Өнгөрсөн долоо хоногт фургон автомашинтай зорчиж байсан Хятадын долоон жуулчин, Оросын нэг жолооч мөсний ангалд унаж живсний улмаас амиа алдацгаасан юм.

“Би дахин нэг удаа анхааруулахыг хүсэж байна. Албан ёсны зам нээгдэх хүртэл мөсөн дээр автомашинтай зорчихыг хатуу хориглоно. Энэ бол маш аюултай үйлдэл” гэж Кобзев хэлжээ.

Одоо орон нутгийн тээврийн байгууллагууд Ольхон арал хүрэх аюулгүй зам нээхийг оролдож байгаа бөгөөд ойрын гурван өдрийн дотор шийдэгдэнэ гэдэгт найдаж байгаагаа тэр бас хэлсэн байна.

“Хүмүүсийг эрэг болон арлын хооронд тээвэрлэх ажлыг зургаан ширхэг газар уснаа явагч машинаар гүйцэтгэж байна. Мөсний зам нээгдэх хүртэл зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг бас тэдгээрээр тээвэрлэх болно” гэж Кобзев хэлжээ.

 

Эх сурвалж: The Moscow Times