Уншиж байна ...

Үнэт үзмэрүүдээ хулгайд алдсан Луврийн музейн захирал огцрох хүсэлтээ гаргажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Луврийн музейн захирал Лоренс дес Карс

Хэдэн сарын өмнө хосгүй үнэт үзмэрүүдээ хулгайд алдсан Луврийн музейн захирал албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргажээ.

Лоренс дес Карс огцрох хүсэлтээ Францын ерөнхийлөгч Эммануэл Макронд өчигдөр өргөн барьсан юм байна. Түүний хүсэлтийг хүлээж авсан Макрон “музейн аюулгүй байдал, шинэчлэлтэй холбоотой томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд тогтвортой байдал, шинэ эрч хүч хэрэгтэй байгаа” цаг үед зөв шийдвэр гаргасныг нь сайшаажээ.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 19-ний өглөө хэсэг этгээд Сена мөрөн рүү харсан тагтаар дамжин музейд нэвтрэхдээ автомашин дээр суурилуулсан механик өргөгчийг ашигласан юм.

Уг хэргийн дөрвөн гол сэжигтнийг цагдаа нар баривчилсан ч нийт 88 сая еврогийн үнэ бүхий найман ховор үзмэр одоо болтол олдоогүй байгаа.

Үүнд эзэн хаан Наполеоны гэргийдээ бэлэглэсэн алмааз, маргад эрдэнийн зүүлт багтдаг.

Хулгайч нар зугтахдаа 19 дүгээр зууны Евгений хатны алмаазан шигтгээтэй титмийг газарт унаган гэмтээсэн юм.

Энэ сарын эхээр Луврийн музейн захиргаа уг титмийн шинэ гэрэл зургийг нийтэлж, бараг бүрэн бүтэн үлдсэн тул сэргээн засварлах боломжтойг мэдэгдэж байв.

зураг
 

Хулгай гарснаас хойш хэд хоногийн дараа Дес Карс музейн эргэн тойрны хяналтын камерууд хуучирч, муудсаныг хүлээн зөвшөөрсөн юм.

Тухайлбал хулгайч нарын нэвтэрсэн тагт байрладаг музейн гадна хана руу ганцхан камер чиглэж байсан нь бүрэн ажилладаггүй байжээ.

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй музей гэгддэг Луврт жилд 8.7 сая гаруй хүн зочилдог ч аюулгүй байдлыг сайжруулах хөрөнгө оруулалт удааширч байсан нь энэ хулгайгаар ил болсон юм.

2021 онд Луврийн захирлаар томилогдсон Дес Карс хяналтын камерын тоог хоёр дахин өсгөх хүсэлтэй байгаагаа тухайн үед илэрхийлж байв.

Одоо музейн аюулгүй байдлыг сайжруулах ажил яагаад удааширсныг Францын парламентын ажлын хэсэг шалгаж эхлээд байгаа.

Шалгалтын үр дүнг тавдугаар сард танилцуулах юм. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт танилцуулсан урьдчилсан дүгнэлтэд “системийн хэмжээний алдаа завхрал” хулгай гарахад нөлөөлснийг тайлбарлажээ.

Хулгай гарснаас хойш Луврийн музейд тасалбарын луйвар, сантехникийн гэмтлийн улмаас ус алдаж, үзмэрүүд гэмтсэн зэрэг алдаа дутагдлууд илрээд байгаа.

 

Эх сурвалж: BBC