Оросын эрх баригчид өчигдөр Украин улсыг Их Британи, Франц улсуудын тусламжтайгаар “цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна” хэмээн буруутгажээ.
Харин Киевийн албаныхан үүнийг нь утгагүй худал гүтгэлэг хэмээн няцаасан байна.
Дайны дөрвөн жилийн ойн өдөр ОХУ-ын гадаад тагнуулын байгууллага СВР гаргасан мэдэгдэлдээ “Украин улс цөмийн бөмбөг, ядаж “бохир бөмбөг” гэгддэг зэвсэгтэй болж чадвал дайныг зогсоох илүү давуу талтай болно гэдэгт Их Британи, Франц улсууд итгэлтэй байгаа” талаар дурджээ.
Гэхдээ үүнийгээ батлах ямар нэг баримт нотолгоо үзүүлээгүй байна.
“Бохир бөмбөг” гэдэг нь өргөн уудам нутаг дэвсгэрийг хордуулах зорилгоор цацраг идэвхт бодисоор дүүргэсэн тэсрэх төхөөрөмж юм.
Гэхдээ энэ нь цөмийн асар том дэлбэрэлт үүсгэх чадвартай атомын бөмбөгтэй адилгүй.
СВР-ийн мэдэгдэлд Лондон, Парисын эрх баригчид Украин улсыг цөмийн зэвсэгтэй болгох чиглэлд идэвхтэй ажиллаж байгааг анхааруулжээ.
Украины гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Георгий Тихий “Бид өмнө нь Оросын талын ийм утгагүй мэдэгдлийг олон удаа няцааж байсан бөгөөд одоо ч бас албан ёсоор дахин няцааж байна” гэж мэдэгдсэн байна.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өмнө нь 1990-ээд оны үед Зөвлөлтийн цөмийн зэвсгийн нөөцөөс татгалзахдаа Украин улс зохих ёсны аюулгүй байдлын баталгаа авч чадаагүйг шүүмжилж байсан юм.
Гэхдээ өнөөдрийн Украин улс дахин цөмийн зэвсэгтэй болохыг эрмэлздэггүй, олон улсын бүх гэрээг хүндэтгэдэг болохыг илэрхийлж байжээ.
Дайны турш Оросын эрх баригчид Өрнөдийнхний Украинд үзүүлэх тусламж дэмжлэгийг хязгаарлахын тулд цөмийн зэвсгээр удаа дараа сүрдүүлж байсан.
Өчигдөр ОХУ-ын гадаад хэргийн яам “Бид цөмийн гүрнүүдийн хооронд мөргөлдөөн гарах эрсдэл, үүний араас гарч болзошгүй аймшигт үр дагаврын талаар дахин анхааруулж байна” гэж мэдэгджээ.
Москва энэ асуудлаар АНУ-ын талд мэдээлэл өгөх бөгөөд энэ нь дайныг зогсоох Вашингтоны зуучлалтай яриа хэлэлцээнд нөлөөлөх талаар Кремлийн аюулгүй байдлын зөвлөх Юрий Ушаков ярьсныг Оросын хэвлэлүүд эш татсан байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!