АНУ-д суугаа Их Британийн элчин сайд асан Питер Мэнделсоныг өчигдөр Лондон хотын цагдаа нар албан тушаалаа урвуулан ашигласан хэргийн сэжигтнээр баривчилжээ.
Бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейн агсантай холбоотой баримтууд ил болсны дараа 72 настай түүнийг өнгөрсөн оны есдүгээр сард элчин сайдын албан тушаалаас нь огцруулж байв.
Энэ сарын эхээр ерөнхий сайд Кир Стармерын засгийн газар Мэнделсон болон Эпштейн нарын хоорондоо харилцаж байсныг батлах баримтуудыг цагдаагийн газарт хүлээлгэж өгсний дараа мөрдөн шалгах ажил эхэлсэн юм.
Энгийн хувцастай цагдаа нар өчигдөр Лондон хотын төвд орших гэрээс нь Мэнделсоныг автомашинд суулган авч явжээ.
Өнгөрсөн сарын сүүлээр АНУ-ын хууль зүйн яам Эпштейний хэргийн материалуудыг нууцаас ил гаргахад Мэнделсон түүнтэй урьд өмнө төсөөлж байснаас илүү дотно харилцаатай байсан нь тодорхой болсон юм.
Тухайлбал 2009 онд ерөнхий сайд Гордон Брауны засгийн газарт сайдын албан тушаал хашиж байхдаа тэр Эпштейнд зарим чухал мэдээллийг дамжуулж байсан байна.
Үүний улмаас Мэнделсон эрх баригч Хөдөлмөрийн Намаас хөөгдөж, парламентын дээд танхимын гишүүний албан тушаалаасаа огцорч, Эпштейн агсантай холбоотой байсандаа “маш их харамсаж” байгаагаа илэрхийлсэн юм.
Энэ сарын эхээр цагдаа нар түүний Лондон болон баруун Англи дахь гэрт нэгжлэг явуулж байлаа.
Өнгөрсөн долоо хоногт Чарльз хааны дүү Эндрью Маунтбаттен-Уиндсорыг бас Эпштейн агсанд засгийн газрын нууц баримт бичиг дамжуулсан хэрэгт холбогдуулан түр баривчилсан юм.
Төрийн албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт дээд тал нь бүх насаар хорих ял оноодог бөгөөд хамгийн ноцтой гэмт хэргүүдийг шийддэг Хааны Титмийн Шүүх хариуцдаг.
2019 онд бэлгийн мөлжлөгийн хэрэгт шалгагдаж байхдаа Эпштейн шоронд амиа хорлосон юм. Түүний хэрэг Их Британийн улс төрийн амьдралд томоохон дуулиан дэгдээсэн бөгөөд одоогоор засгийн газрын хоёр албан тушаалтан огцроод байгаа.
Мэнделсон нь 1990-ээд оны дунд үеэс сүүл үе хүртэл Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйрийн намаа шинэчлэх төслийн гол архитекторуудын нэгээр ажиллаж алдаршсан юм.
Гэхдээ тэр засгийн газрын гишүүнээс хоёр ч удаа огцрохоос өөр аргагүй болж байв. Эхний удаад Мэнделсон 1998 онд найзаасаа авсан орон сууцны зээлээ ил болгоогүйгээс, хоёр дахь удаагаа 2001 онд иргэний харьяалал авах үйл явцад нөлөөлөхийг оролдсон үндэслэлээр огцорч байжээ.
2008-2010 онуудад тэр ерөнхий сайд Гордон Брауны танхимд дахин сайдаар ажиллаж, сүүлд Стармерын засгийн газар 2024 оны сүүлээр түүнийг АНУ-д суух элчин сайдаар томилж байв.
Мэнделсоныг элчин сайдаар томилсон нь эхэн үедээ зөв шийдвэр хэмээн сайшаагдаж байжээ. Учир нь тэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ногдуулсан импортын татварыг бууруулах худалдааны гэрээ байгуулж чадсан дэлхийн анхны улс Их Британи болоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
Гэвч удалгүй Эпштейний материалууд дэлгэгдсэнээр түүний элчин сайдын замнал өндөрлөсөн юм.
Ерөнхий сайд Кир Стармер түүнийг Эпштейн агсантай "ямар хэлхээ холбоотой байснаа нуусан" гэж тухайн үед буруутгаж байв.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!