Уншиж байна ...

НАТО-г задлах биш, бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа Рубио илэрхийлсэн нь АНУ-ын холбоотнуудыг тайвшруулав

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Германы Мюнхен хотод болсон олон улсын аюулгүй байдлын чуулганы үеэр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн хэлсэн үг Трампын засаг захиргааны бодлого тодорхой хэмжээнд өөрчлөгдсөнийг харуулжээ.

Түүний илтгэл холбоотнуудаа тайвшруулсан, бас өөрчлөлтөд уриалсан өнгө аястай байсан нь Европын аюулгүй байдал АНУ-д хамаагүй, НАТО-г үр ашиггүй байгууллага гэж шүүмжилдэг Трампын байр сууриас өөр байлаа.

Өнгөрсөн хэдэн сарын турш АНУ, Европын харилцаа маш ээдрээтэй, бүр сөргөлдөх хэмжээнд байсан юм. Бас өнгөрсөн оны Мюнхений хуралд дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс маш хатуу ширүүн агуулгатай илтгэл тавьж байлаа.

Рубиогийн илтгэлийн үеэр “Танхимд бараг гүн амьсгаа авч буйг сонсож болохоор байлаа. Үндсэн агуулга нь хатуу. Гэхдээ өнгө аяс нь өөр. Энэ чухал” гэж Европын нэг дипломатч ярьсан юм.

Төрийн нарийн бичгийн дарга илтгэлдээ Америк, Европын оюун санаа, хэл, шашин соёлын хэлхээ холбоог дахин дахин онцолж байлаа.

“Бид үргэлж Европын хүүхэд байх болно” гэж Рубио энэ үеэр хэлжээ.

Тэрбээр Атлантын далайн хоёр эргийн санал зөрөлдөөнийг шүүмжлэл зэмлэл биш, санаа зовнил гэж тодорхойлсон байна.

АНУ-ын дуу хоолой заримдаа “шууд, шулуун” сонсогдож байвал энэ нь “тэр хэрээрээ талуудын ирээдүйд санаа зовж буйн илрэл” болохыг Рубио тайлбарлажээ.

Европын хувь заяа АНУ-ын үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой тул Европыг илүү хүчирхэг болгохыг хүсэж байгааг тэр бас хэлсэн юм.

Европын соёл урлагийн аугаа зүтгэлтнүүд Моцарт, Бетховен, Данте, Шекспир, Микеланжело, Да Винчи нарын нэрсийг Битлз, Роллинг Стоунз хамтлагуудын нэртэй зэрэгцүүлэн хэлсэн Рубио эдгээрийг өнгөрсөн үеийн төдийгүй, ирээдүйн хүч чадлын илэрхийлэл болохыг онцолжээ.

Рубиогийн илтгэл сонсогчдод таалагдсан нь удаан үргэлжилсэн болон хэсэгчилсэн алга ташилтуудаас мэдрэгдэж байлаа.

Асуулт хариултын үеэр Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен “Төрийн нарийн бичгийн дарга надад маш их итгэл өглөө. Бид түүнийг сайн мэднэ. Тэр бол сайн найз нөхөр, хүчтэй холбоотон. АНУ-ын засаг захиргааны зарим хүмүүс эдгээр сэдвээр илүү хатуу өнгө аяс харуулдгийг бид мэднэ” гэж хэлжээ.

Гэсэн хэдий ч халуун дулаан үгсийн цаана бас хатуу шүүмжлэл хэлж байсан юм.

Тухайлбал Өрнөдийн соёл иргэншил хэдэн мянган жилийн турш цэцэглэн хөгжиж ирсэн ч эргээд энэ нь аюултай төөрөгдөлд хүргэснийг Рубио анхааруулжээ.

Өөрөөр хэлбэл хэт глобалчлал, чөлөөт худалдаа нь улс үндэстнүүдийн хил хязгаар, тусгаар тогтнолд аюул учруулж, соёл иргэншлийг мөхөөх эрсдэл учруулж байгааг тэр хэлсэн юм.

Гэхдээ Рубио үүнийг дан ганц Европын алдаа гэлгүй, хамтын алдаа гэж дүгнэсэн байна.

“Бид энэ алдааг хамтдаа хийсэн. Хамтдаа бид ард түмнийхээ өмнө эдгээртэй нүүр тулж, урагшлах үүрэгтэй” гэж тэр хэлжээ.

Рубио бас НҮБ гэх мэт олон улсын байгууллагуудыг татан буулгах биш, өөрчлөн шинэчлэхийг Европын холбоотнууддаа уриалсан байна.

“Тэд биднийг сорилтод дуудаж байна. Гэхдээ энэ дуудлагад тэр бас өөрийгөө багтааж байна. Энэ нь гол ялгаа” гэж Европын нэг дипломатч Рубиогийн илтгэлийн санааг тайлбарлажээ.

 

Эх сурвалж: AFP