Уншиж байна ...

Бэлгийн гэмт хэрэг үйлдээд зугтсан этгээдийг шилжүүлж өгөх хүсэлтийг Гана улсын эрх баригчид ОХУ-д тавихаар болжээ

Т.Давааням, ikon.mn
18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Гана улсад ОХУ-ын нэг иргэн хэд хэдэн эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орохдоо хууль бус дүрс бичлэг нууцаар үйлдэж, эзнийх нь зөвшөөрөлгүй онлайн сүлжээнд тараасан хэрэг гарчээ.

Тиймээс тус улсын эрх баригчид уг этгээдийг шилжүүлж өгөх хүсэлтийг ОХУ-ын талд албан ёсоор тавихаар болсон байна.

Африк болон Оросын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар өөрийгөө “пикап артист” гэж тодорхойлдог 30 орчим насны эрэгтэй ийм зорилгоор Гана улсад аялж байжээ.

“Pick-up artist” нь эмэгтэйчүүдтэй сээтгэнэж, сэтгэл зүйд нөлөөлөх замаар бэлгийн харилцаанд орох арга техникийг эзэмшсэн хүний тодорхойлолт юм байна.

Түүнийг зарим тохиолдолд камертай нарны шил ашиглан уулзалтуудынхаа бичлэгийг үйлдсэн тухай хэвлэлүүд мэдээлжээ.

Бямба гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа Гана улсын технологийн сайд Сэм Жорж уг асуудлаар ОХУ-ын элчин сайдыг уулзалтад урьснаа мэдээлсэн байна.

Өмнө нь Ганын хүйс, хүүхэд, нийгмийн хамгааллын яам сэжигтнийг хилээр гарч явсан байх магадлалтайг мэдээлж байв.

Жорж сайд сэжигтэн оргон зайлснаас үл хамааран хуулийн дагуу хариуцлага тооцох төлөвлөгөөтэй байгааг мэдэгджээ.

Тэрбээр “Би Аккра дахь ОХУ-ын элчин сайдыг уулзалтад урьсан. Оросын иргэний энэ үйлдэл манай кибер аюулгүй байдлын хуулийг зөрчсөн. Би элчин сайдад албан ёсны байр сууриа илэрхийлэх болно” гэж хэлсэн байна.

Сэжигтнийг баривчлахад Интерполтой хамтран ажиллах бөгөөд Оросын талыг “дэмжиж ажиллана” гэдэгт найдаж байгаагаа сайд бас илэрхийлжээ.

Африкийн зарим хэвлэлүүд дээрх этгээд Кени улсад ижил төстэй хууль бус үйлдэл гаргасан байж болзошгүй талаар мэдээлсэн байна.

2020 онд батлагдсан Гана улсын кибер аюулгүй байдлын тухай хуулийн дагуу бусдын ил задгай гэрэл зураг, дүрс бичлэгийг өөрийнх нь зөвшөөрөлгүй нийтэлсэн этгээдэд 25 хүртэл жилийн хорих ял оноодог болжээ.

Тус улсын эрх баригчид сүүлийн жилүүдэд бүх төрлийн кибер гэмт хэрэгтэй нэлээд ширүүн тэмцэж, шийтгэлийг чангатгаж байгаа.

2022 онд Ливан улсын эмэгтэйн нүцгэн гэрэл зургийг сошиал сүлжээнд зөвшөөрөлгүй тараасан 22 настай гар утасны засварчин Соломон Догад шүүх бэлгийн хүчирхийллийн хэргээр 14 жилийн хорих ял оноож байжээ.

 

Эх сурвалж: BBC