Уншиж байна ...

АНУ-ын хууль зүйн яам Эпштейний баримтуудад дурдагдсан хэдэн зуун алдартны нэрсийг Конгрессын гишүүдэд илгээжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын хууль зүйн яам Бямба гарагт Конгрессын гишүүдэд илгээсэн захидалдаа Жеффри Эпштейний хэргийн баримтуудад дурдагдсан хэдэн зуун алдартай хүний нэрсийн жагсаалтыг багтаасан байна.

Зургаан хуудас захидалд нэр нь багтсан хүмүүсийг Эпштейн агсантай холбоотой байсан, уулзаж байсан эсэхээс үл хамааран зөвхөн “улс төрд нөлөө бүхий” гэсэн шалгуураар шүүжээ.

Захидалд ерөнхий прокурорын орлогч Тодд Бланш гарын үсэг зурж, Конгрессын Төлөөлөгчдийн танхим болон Сенатын хууль зүйн байнгын хорооны гишүүдэд хаягласан байна.

Конгрессын өнгөрсөн оны сүүлээр баталсан “Epstein Files Transparency Act” хуулийн шаардлагын дагуу хууль зүйн яам нэрсийн жагсаалтыг гаргажээ.

Нэр дурдагсдын зарим нь Эпштейн агсантай шууд холбоотой нь батлагдсан хүмүүс байгаа бол зарим нь зүгээр л нэр нь дурдагдсан ч нас барсан, түүнтэй уулзаж байгаагүй алдартай хүмүүс байгаа гэнэ.

Тухайлбал Диана гүнж, Элвис Прэсли, Майкл Жексон зэрэг урлаг соёлын алдартнуудаас гадна олон жилийн өмнө нас барсан ерөнхийлөгч нар, бизнесмэнүүд, төрийн албан тушаалтнуудын нэрс багтжээ.

Одоогоор Эпштейн агсан болон түүний хамсаатан Гислейн Максвелл хоёроос өөр ганц ч хүн гэмт хэрэгт буруутгагдаагүй байгаа.

“Хуулийн дагуу гаргасан жагсаалтад хүмүүсийн нэрс янз бүрийн шалтгаанаар орсон байгаа. Тухайлбал, зарим хүмүүс Эпштейн болон Максвеллтай шууд имэйлээр холбогдсон байхад зарим нь уг хэрэгт ямар ч холбоогүй, зөвхөн хэвлэлийн мэдээ зэрэгт нэр дурдагдсан хүмүүс байгаа юм” гэж хууль зүйн яамны захидалд тайлбарлажээ.

Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Эпштейний материалыг ил болгох хуулийг санаачлагчдын нэг Ро Ханна “хэн нь араатан, хэн нь зүгээр нэр дурдагдсан хүмүүс болохыг бүдгэрүүлэхийн тулд” 300 гаруй хүний нэрсийг ялгаж салгалгүй жагсаасан гэж хууль зүйн яамыг шүүмжилсэн байна.

Эпштейний хэргийн баримтуудыг ил болгосон цагаасаа хойш хууль зүйн яам уг хэргийн хохирогчдын төлөөлөл болон Конгрессын гишүүдэд нэр нөлөө бүхий хүмүүсийн нэрсийг зориуд нуусан хэмээн буруутгагдаж байлаа.

Сүүлд Конгрессын хэсэг гишүүд хууль зүйн яамны байранд засварлагдаагүй эх баримтуудтай танилцсаныхаа дараа дээрх шүүмжлэл үнэн байж болзошгүйг мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: CNN