Уншиж байна ...

Иргэдийг нь Украинд байлдуулахаар илгээж байгааг зогсоох зорилгоор Кенийн гадаад хэргийн сайд ОХУ-д айлчилна

Т.Давааням, ikon.mn
29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дорнод Африкийн Кени улсын гадаад хэргийн сайд Мусалиа Мудавади тус улсын иргэдийг Украинд байлдуулахаар цэрэгт элсүүлж буй үйлдлийг таслан зогсоох зорилгоор ойрын үед ОХУ-д айлчлах гэж байгаагаа өчигдөр мэдэгджээ.

“Хүмүүсийн амь нас эрстэж байгааг зогсоохын тулд би ойрын үед Москвад айлчлахаар төлөвлөж байна” гэж тэр мэдэгдэлдээ дурдсан юм.

Ингэхдээ Мудавади айлчлалын тодорхой тов хэлээгүй бөгөөд Оросын тал ч энэ талаар мэдээлэл өгөөгүй байна.

Найробигийн албаны эх сурвалжуудын мэдээлснээр нийт 200 орчим хүн Оросын талд Украинд тулалдахаар Кениэс явсан гэнэ. Гэхдээ бодит тоо үүнээс хавьгүй өндөр байх магадлалтай гэж ажиглагчид үзэж байна.

Украины тагнуулын алба Африк тивийн 36 улсаас 1,400 гаруй хүн Оросын талд байлдахаар очсон гэх тоог мэдээлж байв.

Гэхдээ Москвагийн эрх баригчид “цэргийн тусгай ажиллагаа”-ндаа гадаадын иргэдийг дайчилж буйг няцаадаг юм.

Өчигдөр Мудавади хэлэхдээ сүүлийн хоёр сарын хугацаанд Кенийн 30 иргэнийг ОХУ-аас буцааж татсан бөгөөд иргэдийг нь хуурамч ажлын зараар элсүүлж байсан 600 орчим зуучлагч агентлагийг татан буулгасныг мэдээлжээ.

Тэр бас Украины талд олзлогдсон Кенийн иргэдийг буцааж авах, эмнэлэгт байгаа иргэдийнхээ биеийн нөхцөл байдлыг шалгах гэж байгааг хэлсэн байна.

Буцаж ирсэн иргэдэд “радикалчлалаас салгах” сэтгэл зүйн эмчилгээ үзүүлж байгааг сайд бас мэдээлжээ.

Өнгөрсөн оны есдүгээр сард зохион байгуулсан нэг удаагийн ажиллагааны үеэр ОХУ руу явуулаар бэлтгэгдэж байсан 21 залуу эрэгтэйг Кенийн цагдаа нар аварч байсан юм.

Тэдгээрийг хөлсний орон сууцанд хорьж байсан этгээдэд “хүний наймааны хэрэг” үүсгэн шалгаж байгаа.

Энэ хэрэгт холбогдсон ОХУ-ын иргэн Михаил Ляпинийг албадан буцаасан юм.

Кенид суугаа Украины элчин сайд Юрий Токар хэвлэлд ярьснаар Оросын тал эхлээд хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн улс орнуудаас цэрэг элсүүлдэг байсан бол дараа нь Энэтхэг, Балба, сүүлд Африкийн орнуудыг чиглэх болсон гэнэ.

“Тэд их бууны сумны бай болгох зорилгоор боломжтой бүх газраас хүн хайж байна” гэж Токар ярьжээ.

Одоогоор Кенийн хэчнээн иргэн Украинд амь үрэгдсэн талаар тоо баримтыг зарлаагүй байна.

 

Эх сурвалж: AFP