Милан Кортина 2026 өвлийн олимпын наадмын зохион байгуулагчид авсан медаль нь хугарч гэмтсэн тухай тамирчдын гомдолд анхаарлаа хандуулж эхэлжээ.
АНУ-ын алтан медальтнуудын хоёр нь болох Бризи Жонсон, Алиса Лю нар шагналаа авсны дараахан медалийнх нь тууз салсан талаар мэдээлсэн юм.
Эмэгтэйчүүдийн уулын цанын төрөлд алтан медаль хүртсэн Жонсон тэмцээний дараах хэвлэлийн хурлын үеэр хугарсан медалиа үзүүлж байв.
“Медаль энэ байна. Тууз нь энэ байна. Медалийг туузтай холбодог жижиг хэсэг нь хугарчихлаа” гэж тэр хэлжээ.
Уран гулгалтын багийн төрөлд алтан медаль зүүсэн Лю бас ижил асуудалтай тулгарснаа сошиал хуудсаараа мэдээлсэн юм.
Түүний медаль, тууз хоёроо тус тусад нь барьсныг харуулсан дүрс бичлэг “Миний медальд тууз хэрэггүй” гэсэн бичигтэй байлаа.
Биатлоны төрөлд хүрэл медаль хүртсэн Германы багийнханд ч бас ийм асуудал тулгарсан байна.
Милан Кортина 2026 наадмын үйл ажиллагаа хариуцсан ажилтан Андреа Франсиси зохион байгуулагчид уг асуудалд анхаарлаа хандуулан шалгаж эхэлснийг мэдээлжээ.
“Бид үүссэн нөхцөл байдлын талаар бүрэн мэдээлэлтэй байгаа. Яг юунаас болсныг судалж байна. Мэдээж тамирчдын хувьд хамгийн чухал зүйл учраас бид хамаг анхаарлаа хандуулах болно” гэж тэр хэлсэн юм.
Өмнөх олимпын наадмуудын үеэр ч медалийн чанарын асуудал яригдаж байсан. 2025 оны хоёрдугаар сарын байдлаар Парис 2024 наадмаас авсан медаль нь элэгдсэн, гэмтсэн шалтгаанаар солиулах 220 хүсэлт ирээд байжээ.
Парисын наадмын зохион байгуулагчид элэгдэж гэмтсэн ямар ч медалийг сольж өгөхөө амласан юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!