АНУ-ын засаг захиргаа хоёр улсын харилцааг сайжруулах хүчин чармайлтыг тасалдуулж, Украины дайныг зогсоох яриа хэлэлцээнд саад учруулж буйг ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров шүүмжилжээ.
“Трампын засаг захиргаа дайныг зогсоох шаардлагатай гэсэн байр суурь байнга илэрхийлж байгаа ч гэсэн цэргийн тусгай ажиллагаа эхэлсний дараа Оросын эсрэг Жо Байдены авсан бүх арга хэмжээ үйлчилсэн хэвээр байна” гэж Лавров өчигдөр нийтлэгдсэн TV BRICS сувгийн ярилцлагадаа хэлсэн байна.
Тэрбээр цааш нь “Бодит байдал дээр үйл явдал эсрэгээрээ өрнөж байна. Шинэ хориг арга хэмжээ авч, гадаад далайд газрын тос тээвэрлэгчдийн эсрэг дайн зарлаж байгаа нь НҮБ-ын Далайн Эрхийн тухай конвенцыг зөрчсөн хэрэг юм” гэж ярихдаа саяхан АНУ-ын тэнгисийн хүчнийхэн Оросын газрын тосыг тээвэрлэдэг “сүүдрийн флот”-ын хөлөг онгоцыг олзолсон явдлыг дурдсан байна.
Аравдугаар сард АНУ-ын засаг захиргаа Оросын хамгийн том газрын тос үйлдвэрлэгч Лукойл, Роснефть компаниудыг хориг арга хэмжээгээр шийтгэсэн нь Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлснээс хойш Москвагийн эсрэг авсан анхны томоохон алхам байлаа.
Үүний улмаас Лукойл гадаад дахь хөрөнгийнхөө ихэнхийг зарахад хүрсэн юм.
Трамп тангараг өргөснийхөө дараахан Украины дайныг дуусгахаа амлаж байсан ч өнөөдөр энэ хүчин чармайлт зогсонги байдалд ороод байгаа.
Тэр бас ОХУ-тай харилцаагаа сайжруулахыг амлаж байсан юм.
Гэвч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй наймдугаар сард Аляскад уулзсаныхаа дараа Трамп дээрх хоёр компанийн эсрэг хориг арга хэмжээ авч байв.
Аляскын уулзалтаар талууд Украины дайныг зогсоох асуудлаар “тодорхой тохиролцоонд хүрсэн” гэж Кремлийн албаныхан мэдэгдэж байсан юм.
“Украины асуудлаар тохиролцсондоо хүрэхгүй байгаагаас гадна тэд эдийн засгийн тал дээр эерэг алхам хийхгүй байна. Бидний үзэж байгаагаар Вашингтон дэлхийн олон тивийн томоохон улс орнуудад үйлчилдэг эрчим хүчний хангамжийн замуудыг хяналтдаа авахыг эрмэлзэж байна” гэж Лавров шүүмжилжээ.
Хэдийгээр Орос улс АНУ-тай хамтран ажиллахад бэлэн байгаа ч “Америкчууд өөрсдөө энэ замд хиймэл саад тотгор учруулж байна” гэж тэр гомдоллосон юм.
Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид энэ он гарснаас хойш Абу Даби хотод хоёр удаа уулзсан ч эзлэгдсэн газар нутгийн асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй байна.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!