Фүжи уулын хормойд оршдог Японы нэг хотын захиргаа гаднаас ирэх жуулчдыг хянаж чадахгүй болсонтой холбоотойгоор энэ жилийн интоорын цэцгийн баяраа тэмдэглэхгүй болсныг зарлажээ.
Сүүлийн жилүүдэд Фүжиёшида хотод ирэх жуулчдын тоо эрс өссөн нь замын түгжрэл, хог хаягдлыг нэмэгдүүлснээс гадна зарим оршин суугчдын хувийн эзэмшилд нэвтрэх, цэцэрлэгт нь бие засах зэрэг сөрөг үзэгдэл гарах шалтгаан болсон гэнэ.
Хаврын улиралд энэ хот жуулчдыг ихээр татдаг нь эндээс Фүжи уулын бараа шинэхэн цэцэглэсэн интоорын мододтой хослон маш үзэсгэлэнтэй харагддагтай холбоотой.
Гэвч энэ үзэмж нь “иргэдийн амар амгалан байдалд заналхийлж байгаа” тул “бид иргэдийнхээ нэр төр, амьдрах орчныг хамгаалахын тулд 10 жилийн түүхтэй баяр наадмаа хаахаар шийдлээ” гэж тус хотын дарга Шигерү Хориучи өнгөрсөн Мягмар гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Фүжиёшида хотын захиргаа 2016 оны дөрөвдүгээр сард сакура цэцэглэх улирлыг тохиолдуулан жуулчдад зориулсан Аракураяама Сенген цэцэрлэгт хүрээлэнг нээж байв.
Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд зочдын тоо огцом нэмэгдэж, тэднийг зохицуулах, хянахад хотын хүч хүрэлцэхгүй болж, ард иргэдийн тав тухад ноцтой нөлөөлж эхэлсэн тул ийм арга хэмжээ авч байгаа юм байна.
Интоорын мод цэцэглэх үеэр өдөрт дээд тал нь 10,000 жуулчин ирдэг болсон гэнэ. Энэ өсөлт нь “иенийн ханшийн сулрал, сошиал медиагаар хэт сурталчилсан” зэрэгтэй холбоотой гэж хотын удирдлагууд үзэж байна.
Үүний улмаас жуулчид ”айлын бие засах өрөөг ашиглахын тулд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, хог хаясан, хувийн эзэмшлийн хашаанд бие зассан, шаардлага тавихад эсэргүүцсэн” зэрэг зөрчлүүд гарах болсныг мэдээлжээ.
Хэдийгээр баяр наадам зохион байгуулагдахгүй ч дөрөв, тавдугаар саруудад жуулчдын тоо нэмэгдэх нь гарцаагүй тул Фүжиёшида хотын захиргаа бэлтгэл ажлаа базааж эхэлсэн гэнэ.
Энэ нь Японы хотууд аялал жуулчлалын хэт өсөлтийг хязгаарлах арга хэмжээ авсан анхны тохиолдол биш юм.
2024 онд Фүжи уулын бараа хамгийн сайхан харагддаг Фүжикавагүчико хотын захиргаа зураг авах гэсэн жуулчдын хэт бөөгнөрлийг багасгахын тулд гол байрлалдаа өндөр хаалт босгож байв.
Жуулчдаас залхах үзэгдэл ганц Японд биш, дэлхийн хэд хэдэн оронд гарах болсон.
Даваа гарагаас Италийн нийслэл Ром хотын захиргаа алдарт Трэви усан оргилуурыг дэргэдээс нь харахад хоёр евро төлдөг болгосон. Өмнө нь үүнийг үзэхэд үнэ төлбөргүй байсан юм.
Тус улсын Венец хотод дөрөвдүгээр сараас долдугаар сарын хооронд тодорхой өдрүүдэд зочлох хүмүүст өдрийн тасалбар зарж, урьдчилж захиалсан тохиолдолд таван евро, газар дээр нь авсан тохиолдолд 10 евро хураадаг болжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!