Удахгүй Италид албан ёсоор эхлэх өвлийн олимпын наадмын шагналын индэрт гарах тамирчид түүхэнд урьд өмнө хэзээ ч байгаагүй өндөр үнэтэй медаль зүүх гэж байна.
Өвлийн спортын олон төрөлд өрсөлдөх тамирчдад нийтдээ 700 гаруй алт, мөнгө, хүрэл медалийг гардуулах юм.
Хэдийгээр мөнгөөр хэмжигдэхгүй үнэ цэнтэй ч металлын ханш өссөн нь медалиудыг өмнөхөөсөө илүү өндөр үнэ өртөгтэй болгож байгаа юм байна.
Тухайлбал 2024 оны долдугаар сард Парис хотод болж өнгөрсөн зуны олимпын наадмаас хойш алт, мөнгөний ханш тус бүр 107 болон 200 хувиар өсжээ.
Ингэснээр өнөөдрийн алтан медалийн өртөг $2,300 орчим болсон нь Парисын олимпынхоос хоёр дахин өндөр юм.
Мөнгөн медалийн өртөг бараг $1,400 буюу хоёр жилийн өмнөхөөс гурав дахин өндөр өртөгтэй болжээ.
Дэлхий дахинд тогтворгүй байдал, үймээн самуун ноёрхсон нь төв банкуудыг алтны нөөцөө нэмэгдүүлэхэд хүргэсэн бол хувь хүмүүсийн хувьд хамгийн аюулгүй хөрөнгө алт болоод байгаа. Ийм шалтгаанаар сүүлийн саруудад алт, мөнгө зэрэг үнэт металлын ханш хурдтай өссөн юм.
Гэхдээ олимпын медаль бүхэлдээ алт, мөнгө биш байдаг. Алтан медалийн нийт 506 грамм жингийн ердөө зургаан грамм нь цэвэр алт байдаг бол үлдсэн нь мөнгө юм.
Хүрэл медалийг бүхэлд нь зэсээр хийдэг бөгөөд нийт 420 грамм медалийн зэсийн өртөг ердөө $5.60 байдаг.
Анх олимпын медалийг цэвэр алтаар хийдэг байснаа 1912 оны Стокхольмын олимпоос эхлэн больжээ. Анхны хольцтой алтан медальд 26 грамм цэвэр алт орсон нь тухайн үеийнхээ ханшаар ердөө $20 байсан байна.
Энэ нь инфляцыг тооцсон өнөөдрийн ханшаар бодвол $530 орчим болох юм.
Гэхдээ цуглуулгын зориулалтаар олимпын медалийг дуудлага худалдаагаар зарахад материалаасаа хавьгүй өндөр үнэ хүрдэг.
2015 онд Лондоны Болдвиний дуудлага худалдааны төв 1912 оны Стокхольмын наадмын алтан медалийг үнэ хаялцуулан зарахад $26,000 хүрч байжээ.
Дараа жил нь 1920 оны Антверпын наадмын хүрэл медалийг зарахад $875 орчим үнэ хүрсэн байна.
“2028 оны Зуны олимпын наадмын алт, мөнгөн медалиуд энэ наадмынхаас ч илүү өндөр үнэ өртөгтэй болно гэж би төсөөлж байна” гэж Saxo Bank банкны түүхий эдийн стратегийн газрын захирал Оле Хансен ярьжээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!