Оросын армийн тулааны талбарт ашигладаг Старлинкийн теминалууд ажиллахаа больсныг өчигдөр Украины батлан хамгаалах яам мэдээлжээ.
Ингэснээр Оросын алсын удирдлагатай дронуудыг ашиглах боломжгүй болж, фронтын шугам дагуу анги нэгжүүдийн хооронд харилцаа холбоо тасарч байгаа юм байна.
Одоо Киевийн эрх баригчид SpaceX компанитай хамтран Украины нутаг дэвсгэрт ажиллах зөвшөөрөлтэй Старлинк терминалуудын “цагаан жагсаалтыг” нэвтрүүлээд байгаа аж.
“Цагаан жагсаалтад нэмэгдсэн Старлинкийн терминалууд одоо зөвхөн ажиллаж байгаа. Оросын терминалуудын ажиллагаа зогссон. Бид өөрийн терминалуудыг баталгаажуулах ажлыг үргэлжлүүлж байна. Цагаан жагсаалтад нэмэгдсэн эхний хэсэг терминалууд ажиллаад эхэлсэн” гэж Украины батлан хамгаалахын сайд Михайло Федоров мэдэгджээ.
Орон нутгийн цагаар Пүрэв гарагийн оройгоос эхлээд фронтын шугам дагуу Оросын армийн ашиглаж байсан бүх терминалуудын ажиллагаа зогссоныг Украины зэвсэгт хүчний жанжин штабын эх сурвалж мэдээлсэн байна.
АНУ-ын хориг арга хэмжээний хүрээнд хиймэл дагуулын интернэт холболтын Старлинк системийг ОХУ-ын зах зээлд нийлүүлэх, ашиглах хориглогдсон байдаг.
Гэвч Оросын арми хоригийг зөрчиж, гуравдагч этгээдээр дамжуулан терминалуудыг авч ашигласаар байжээ.
“Фронтын шугам дагуу дайсан зөвхөн асуудалтай тулгараад зогсохгүй сүйрэлтэй тулгарч байна. Цэргүүдийн бүх удирдлага, хяналт нурж байна. Олон газар довтолгоо зогссон” гэж Украины батлан хамгаалахын сайдын зөвлөх Сергей Бескрестнов ярьсан байна.
ОХУ-ын батлан хамгаалах яам одоогоор Старлинкийн талаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй байгаа.
Харин цэрэг дайны чиглэлээр дагнадаг блогчид энэ талаар бичицгээж байна.
“Ялангуяа фронтын шугамд харилцаа холбоо маш чухал байдгийг бодолцвол энэ бүхэн маш муу” гэж блогчин Роман Алехин өөрийн хуудсанд бичсэн байна.
Өөр нэг блогчин Александр Коц “Старлинкийн талаар нэг командлагч надад дээр үед ‘Энэ бол манай Ахиллын өсгий’ гэж хэлж байсан” гэж бичжээ.
Энэ мэтчилэн Оросын зэвсэгт хүчинд ойр холбоотой ажилладаг дор хаяж есөн блогчин Старлинкийн тасалдалд санаа зовж байгаагаа өөр өөрийн хуудсанд бичсэн байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!