Google компанийн толгой компани Alphabet-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай саяхан BBC сувагт тусгайлан ярилцлага өгчээ.
Энэ үеэр тэр хиймэл оюуны технологийн хөгжлийн талаар дэлгэрэнгүй ярьсан байна.
Тухайлбал өнөөдрийн хиймэл оюуны загварууд “алдаанаас ангид байх боломжгүй” тул хэлсэн зүйлд нь сохроор итгэхгүй байх, өөр хэрэгслүүдтэй зэрэгцүүлэн ашиглахыг тэр хүмүүст зөвлөжээ.
“Тийм учраас хүмүүс Гүүглийн хайлтыг давхар ашигладаг. Манайд илүү үнэн зөв мэдээлэл өгөх чадвартай бусад бүтээгдэхүүнүүд бий” гэж Пичай хэлсэн байна.
Гэхдээ Гүүгл шиг технологийн томоохон компани мэдээллийн үнэн зөвийг нягтлах ажлыг хэрэглэгчдэдээ үүрүүлэхийн оронд өөрийн бүтээгдэхүүний найдвартай байдалд илүү их анхаарал тавих ёстой гэсэн шүүмжлэл түүний ярилцлага нийтлэгдсэний дараа гарч эхэлжээ.
“Бид аль болох үнэн зөв мэдээлэл өгдөг болгохын тулд хэчнээн их хөдөлмөрлөснөөрөө бахардаг ч одоогийн түвшинд хамгийн сүүлийн үеийн хиймэл оюуны технологи ч заримдаа алдаа гаргах боломжтой” гэж Пичай хэлсэн байна.
Сүүлийн үед “generative AI” төрлийн бүтээгдэхүүнүүд, тухайлбал чатботууд хүмүүст худал мэдээлэл өгөх эрсдэл мэргэжилтнүүдийн санааг зовоох болсон.
“Ийм системүүд хариултыг зохиодог бөгөөд ингэхдээ бидэнд таалагдах зүйл зохиодог нь гол асуудал юм” гэж Лондон хотын Хатан Хаан Мэригийн Их Сургуулийн хариуцлагатай хиймэл оюуны профессор Жина Нэфф саяхан BBC Radio 4 сувгаар ярьжээ.
“Ямар кино үзвэл зүгээрээ асууж болох ч өөрийн эрүүл мэнд, сэтгэл санааны байдал, шинжлэх ухаан, өдөр тутмын мэдээ зэрэг эмзэг сэдвээр асуух нь тэс өөр ач холбогдолтой” гэж тэр хэлсэн байна.
Гүүгл компанийн хувьд Gemini хиймэл оюуны загвараа зах зээлд амжилттай гаргаснаар ChatGPT системийн зах зээлээс хуваалцаж эхэлсэн.
Уг загварын хамгийн сүүлийн Gemini 3.0 хувилбарыг өчигдөр зах зээлд танилцуулсан юм.
Gemini 3 нь зураг, аудио, видео зэрэг янз бүрийн хэлбэртэй өгөгдлийг ойлгож, хариулт боловсруулж, сэтгэн бодох чадвараараа салбартаа тэргүүлэх гүйцэтгэлтэй болсныг Гүүгл мэдээлжээ.
Энэ оны тавдугаар сараас тус компани хайлтын системдээ Gemini чатботыг нэвтрүүлж, шинэ “AI Mode” боломжийг санал болгож эхэлсэн юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!