Уншиж байна ...

Доод тал нь 20 зорчигчтой Туркийн цэргийн нисэх онгоц Гүржийн нутагт сүйрэв

Т.Давааням, ikon.mn
2025 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Ачааны зориулалттай Туркийн цэргийн нисэх онгоц өчигдөр Азербайжанаас хөөрснийхөө дараа Гүржийн нутаг дэвсгэрт осолджээ.

Туркийн батлан хамгаалах яам нисэх багийн бүрэлдэхүүнийг оролцуулаад нийт 20 иргэн нь зорчиж явсныг мэдээлсэн байна. Харин өөр улсын иргэд байсан эсэх талаар мэдэгдэлдээ дурдаагүй юм.

Зарим хэвлэлүүдийн мэдээлснээр онгоцонд Турк, Азербайжаны цэргийн алба хаагчид байсан байх магадлалтай гэнэ.

Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев ослын дараа Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдогантай утсаар ярьжээ.

Гэхдээ Азербайжаны ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдэгдэлд онгоцонд өөрийнх нь иргэд байсан эсэх талаар дурдаагүй байна.

зураг
 

C-130 Hercules загварын онгоц Азербайжаны Ганжа хотоос Туркийн чиглэлд хөөрчээ.

Ачаа болон цэрэг тээвэрлэх зориулалттай, дөрвөн хөдөлгүүртэй C-130 нь дэлхийн олон орны агаарын зэвсэгт хүчинд өргөн ашиглагддаг онгоц юм. Онгоцыг үйлдвэрлэгч АНУ-ын Lockheed Martin компани хохирогсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, ослын шалтгааныг мөрдөн шалгах ажилд туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Туркийн нийслэл Анкара хотод тус улсын ерөнхийлөгч Эрдоган үг хэлэхдээ “Бурхны авралаар бид энэ ослыг хамгийн бага хүндрэлтэй даван туулах болно. Бурхан амиа алдсан хүмүүсийн маань сүнсийг амарлиулж, бидний залбирлыг тэдэнд хүргэх болтугай” гэж мэдэгдсэн байна.

Гүржийн эрх баригчид онгоц унасан ой мод, уул толгод бүхий Кахети мужийн Сигнаги хотын ойролцоо газарт ажиллаж байгаагаа мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters