Уншиж байна ...

Б.Жадамба: Малчдын таван настай хүүхдүүдийг сургуульд бэлтгэх хөтөлбөрийг долоон жил хэрэгжүүллээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2019-2025 оны хугацаанд Монголын 18 аймаг, 52 сумын малчин өрхийн таван настай хүүхдүүдийг сургуульд бэлтгэгдсэн байдал болон дотуур байрны орчин нөхцөлийг судалсан олон улсын хамтарсан судалгааны тайланг өнөөдөр МУБИС-д танилцууллаа. 

Энэ үеэр дээрх хөтөлбөрийн үр дүнгийн талаар МУБИС-ийн зөвлөх профессор, Академич Б.Жадамбатай товч ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэе. 



Тэрбээр хэлэхдээ "Дани улсын Данида олон улсын хөгжлийг дэмжих агентлагийн төсөл 1992 оноос хойш өнөөг хүртэл манай улсад хэрэгжсэн.

Тус агентлагийн санхүүжилтээр “Сургуулийн сайхан эхлэл, сайхан амьдрал” гэх төслийг хөдөө сумын сурагчдын дунд хэрэгжүүлсэн гэсэн үг. 

Бид аймаг болгоноос 4-5 сургууль сонгож авсан. Тэдгээр сургууль нь дандаа аймгийн төвөөсөө алслагдсан.

Сонгон авсан сургуулиуд дээрээ гурван чиглэлийн үйл ажиллагааг төслийн хүрээнд 2019-2025 оныг хүртэл долоон жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.

Төслийн гол зорилго нь:

  • Нэгдүгээрт малчдын таван настай хүүхдийг гэр бүлд түшиглэж, сургуульд бэлтгэх
  • Хоёрдугаарт дотуур байрны нийгэм, сэтгэл зүйн орчныг сайжруулах
  • Гуравдугаарт малчдын таван настай хүүхэд болон дотуур байрны хөгжил дэх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх гурван зорилтыг хэрэгжүүллээ.

Энэ хугацаанд малчдын таван настай 5,100 хүүхдийг гэр бүлд түшиглэж сургуульд бэлтгэсэн. 

Сумын төвөөс нэг багш очиж эцэг эхтэй нь хамтран төлөвлөгөө хийнэ. Ингээд улиралд нэг удаа багш очиж хянаж зөвлөгөө өгдөг байсан.

Одоо хүүхдүүдийн зарим нь тав, зургаадугаар ангидаа орчихсон явж байна. Энэ ажлын үр дүнг харахад гэр бүлд түшиглэн сургуульд бэлтгэх нь цэцэрлэгт явуулсантай яг ижил түвшинд байлаа. Зарим талаараа цэцэрлэгээс ч давуу байдал ажиглагдсан" гэв. 

Үргэлжлүүлэн "Малчдын таван настай хүүхдийн эрхийн асуудал байна. Түүнчлэн малчин өрх тогтвор суурьшилтай ажиллах, нийгмийн хүрээнд малчдыг малаас нь холдуулахгүй байх хэрэгцээ хөдөө орон нутагт бий. 

Малчдын таван настай хүүхдийг гэр бүлд түшиглээд

  • сургуульд бэлтгэх үйл ажиллагааны хөтөлбөр,
  • энэ хөтөлбөрт зориулсан хүүхдийн ажлын дэвтэр,
  • эцэг эх, багшийн зөвлөмж болон сургалтын хэрэглэгдэхүүнээр хангасан. 

Манай хөдөө орон нутгийн малчид үүнийг таатай хүлээж авсан. Сургалтын шинэ материалууд, сургалтын шинэ төлөвлөгөө, шинэ арга зүйтэй.

Яг бодит байдал дээр малчдын хүүхдүүд сумын төв рүү орж цэцэрлэгт хамрагддаг хувь тун цөөн. 

Бидний төсөл дөрвөн улиралд үргэлжилсэн. Гэр бүлийнх нь ажил амьдралтай холбоотой тасралтгүй хөтөлбөр боловсруулаад түүнийх нь дагуу яг тухайн улиралд нь зохицсон хичээлийг хөтөлбөрийг явуулсан гэсэн үг.

Өвлийн цагт гол төлөв зурах, будах, зуны улиралд гадаа тоглоомд түшиглэж явуулах арга зүйг нэвтрүүлэхэд үр дүнтэй боллоо.

Яг хөдөө байсан хүүхдүүдийн нэг сайн тал нь бие бялдрын хөгжил нь цэцэрлэгт явж байсан хүүхдүүдээс арай илүү байна. Хоёрдугаарт биеэ даах чадвар нь харьцангуй илүү хөгжсөн хүүхдүүд сургуульд орж ирж байна" хэмээн хэллээ. 

Дотуур байрны нөхцөлийн талаар хэлэхдээ "Улсын хэмжээнд сургуулийн дотуур байранд хийж буй арга хэмжээг бүхэлд нь харвал

  • дотуур байрны орчныг сайжруулах,
  • багш нарын мэргэжлийг дээшлүүлэх чиглэлд гол анхаарлаа төвлөрүүлдэг.

Харин яг тухайн орчинд амьдарч, хичээл сургуульдаа явж буй хүүхдүүдийн эвтэй найртай байх, нийгэмших, хүн болох чиглэлээр нь тусламж бага үзүүлдэг юм байна. 

Орон нутгийн удирдлага болон сургуулиудын багш ажилчидтай ярилцаж, энэ чиглэлд ажиллахад таатай хүлээж авсан" хэмээн Академич Б.Жадамба хэлсэн юм.