Зүрхний титэм судасны өвчний эрсдэлийг ижил хэмжээнд бууруулахын тулд эрчүүд эмэгтэйчүүдээс хоёр дахин их дасгал хийх шаардлагатайг шинэ судалгааны үр дүн харуулжээ.
Эрдэмтэд 80,000 гаруй хүний дасгалын хэмнэлийг судлаад долоо хоногт нийт 250 минутын хугацаатай дасгал хийх нь эмэгтэйчүүдийн зүрхний өвчлөлийн эрсдэлийг 30 хувиар бууруулдаг болохыг тогтоосон байна.
Харин эрчүүдийн хувьд долоо хоногт 530 минут буюу бараг есөн цаг дасгал хийж байж ийм үр дүнд хүрэх боломжтойг тогтоожээ.
Эрүүл мэндийн байгууллагууд 16-64 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүст долоо хоногт хамгийн багадаа 150 минутыг дундаж хэмнэлтэй дасгалд, эсвэл 75 минутыг өндөр хэмнэлтэй дасгалд зориулах шаардлагатай гэж зөвлөдөг.
Харин сүүлийн судалгааны үр дүн дасгалын шаардлагыг хүйсээр нь ялгавартай тогтоох хэрэгтэйг харуулжээ.
Хятадын Шиамэнь Их сургуулийн судлаач Жяжинь Чэний удирдсан эрдэмтдийн баг Их Британийн Биобанкнаас коронавирусийн халдвар авч байгаагүй дунд насны 80,243 хүний дасгалын идэвхийн талаар тоо баримтыг судалгаандаа авч ашигласан байна.
Ингэхэд долоо хоногт 250 минутыг дасгалд зарцуулдаг эмэгтэйчүүд зүрхний өвчлөлийн эрсдэлээ 30 хувиар бууруулж байхад эрэгтэйчүүд ийм үр дүнд хүрэхийн тулд 530 минутыг зарцуулж байгаа нь харагджээ.
Дараа нь коронавирусийн халдвар авч байсан 5,000 гаруй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дасгалын идэвхийг судлахад долоо хоног бүр ижил хугацаанд дасгал хийдэг эмэгтэйчүүдийн өвчний эрсдэл эрчүүдийнхээс гурав дахин бага гарсан байна.
Дасгалын үр нөлөө эмэгтэйчүүдэд яагаад илүү үйлчилж байгааг судлаачид тайлбарлаж чадаагүй ч бэлгийн даавар, булчингийн ширхэг, чихрийг задалж энергид хувиргах чадварын ялгаа зэрэг хүчин зүйлсээс хамаарч байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлжээ.
АНУ-ын Массачусетс мужийн Ерөнхий эмнэлгийн эмэгтэйчүүдийн зүрх судасны эрүүл мэндийн мэргэжилтэн Эмили Лау дээрх судалгаанд хавсаргасан өгүүлэлдээ “Энэхүү судалгааны ажил нь нэг хэмжээс бүгдэд тохирохгүйг баталж, бид ярианаас үйлдэлд шилжих ёстойг харуулж байна. Хүйсийн онцлогт тохирсон стратегиудыг зөвлөмжид тусгах, эмэгтэйчүүдийн зүрх судасны эрүүл мэндийн бодлогыг оновчтой болгохын тулд тусгайлсан хөтөлбөр боловсруулах цаг болжээ” гэж бичжээ.
Зарим тоо баримтаас үзэхэд зүрх судасны өвчнөөр нас барсан эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн харьцаа 1:1.6 байдаг байна.
Энэхүү судалгааны тайлан “Nature Cardiovascular Research” анагаах ухааны сэтгүүлд нийтлэгджээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!