"Үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 114.6 сая мод тарьж, тарьц, суулгацын нөөцөө бүрдүүлсэн"
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалахын тулд мод тарих, ургуулах, арчлах нь хамгийн чухал ач холбогдолтой билээ.
Үүнийг олон нийтэд таниулан сурталчлах, соён гэгээрүүлэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд
- 2021 онд “Зөв мод-зөв арчилгаа”,
- 2022 онд “Байгалиа бүтээе”,
- 2023 онд “Мод тарьж байгалиа бүтээе”,
- 2024 онд “Хүн бүр мод тарьцгаая”, “Алтан намар мод тарих цаг”,
- 2025 онд “Хашаандаа мод тарья” аянуудыг улсын хэмжээнд зохион байгуулагдсан юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Экологийн цагдаагийн алба, Мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дэмжлэгтэйгээр энэ оны аравдугаар сарын 1-ний өдрөөс “Алтан намар-Тарьсан модоо арчилцгаая” мэдээлэл нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулж эхэлжээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь
- доройтсон ойг нөхөн сэргээх,
- цөлжилт, газрын доройтол, хөрсний элэгдсэн эвдрэлийн эсрэг хамгаалалтын зурвас байгуулах,
- хот суурин газарт ногоон байгууламж байгуулах гэсэн гурван зорилгын хүрээнд зохион байгуулагдаж буй.
Энэ жилийн хувьд намрын улиралд тарьсан модоо арчлах, хамгаалах, өвөлжүүлэх бэлтгэл хангах чиглэлээр “Тарьсан модоо арчилцгаая” уриалга гаргаж, иргэд олон нийтэд цувралаар мэдээлэл бэлтгэн хүргэхээр зорьж буйгаа Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.
Иймд иргэд, байгууллага та бүхэн арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцож, Намрын мод тарилтад оролцох, тарьсан модоо арчлан хамгаалахыг Экологийн Цагдаагийн Алба болон ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас уриаллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
