Нийслэлд агаарын бохирдол ихээр үүсдэг Баянгол, Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд энэ жил 5,000 айл өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн түлш рүү шилжүүлж буй.
Гэр, байшингуудад хийж байгаа дулаалгын талаар Нийслэлийн Агаар, Орчны Бохирдолтой Тэмцэх Газраас “Нийслэлээс B1 ангиллын гал дэмждэггүй, 28 килограммын жинтэй, 10 сантиметрийн зузаантай XPS хөөсөөр байшинг, харин дээврийн хөндийг эрдэст хөвөнгөөр дулаалж байгаа юм.
Тухайн айл байшингийнхаа гадна талын фасадыг өөрсдөө хийнэ. Мөн цонх, шалаа өөрсдөө дулаалж, гонхоо хийх шаардлага тавьж байна. Ингээд шаардлага хангасан тохиолдолд хийгээр ажилладаг халаагуурын төхөөрөмжийг нэг удаа, үнэ төлбөргүйгээр суурилуулж байгаа. Энэхүү төхөөрөмж нь дүүргийн өмчид бүртгэлтэй байх юм.
Хийн төхөөрөмж суурилуулсан айлуудад галлагааны улиралд нийт 900 мянган төгрөгийн үнийн хэрэглээний урамшуулал олгоно. Улаанбаатар хотын салхины урсгал хойноосоо байдаг учир Гандан, Зурагт, Дэнжийн мянга орчмын байршлын айлуудыг сонгосон.
Баянгол, Чингэлтэй дүүргүүдэд дулаалж буй айл өрхүүдийн 1,300 нь монгол гэрт амьдарч байна. Монгол гэрийг НҮБ-ын Хүүхдийн сангийн “Чип” төслийн хүрээнд дулаалж байгаа. “Чип” төслийн гэрийн дулаалга нь найман хэсгээс бүрдэж байгаа бөгөөд дулаан алдагдлыг 50-60 хувиар бууруулах тооцоотой. Мөн ийм хэмжээний эдийн засгийн хэмнэлтийг үүсгэх юм. Энэ жил хийн хэрэглээнд шилжиж буй айл өрхүүдэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран аюулгүй ажиллагааны сургалт орж байгаа юм.
Ирэх жил нийт 50,000 айлыг дулаалж хий, цахилгаанд шилжүүлэх төлөвлөгөө боловсруулж байна” гэж танилцууллаа.
Гурван жилийн дараа буюу 2028 он гэхэд Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн 103,000 айл өрхийг хий болон цахилгаан хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!