Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландад дөрвөн жилийн турш хүүхдүүдийн хамт эрэн сурвалжлагдаж байсан оргодол аав буудуулж алагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Шинэ Зеландын алслагдсан бүс нутагт сүүлийн бараг дөрвөн жилийн турш бага насны гурван хүүхдийн хамт уул хаданд амьдарч, эрэн сурвалжлагдаж байсан эр өчигдөр цагдаа нарт буудуулж алагджээ.

Нас сүүдэр 40 шахаж байсан Том Филлипс гэдэг энэ эр хүүхдүүдийнхээ асран халамжлах эрхийг алдахад хүрсний дараа 2021 оны арванхоёрдугаар сард сураггүй алга болж байсан юм.

Өнгөрсөн хугацаанд цагдаа нар орон даяар эрэн сурвалжилж, түүний үйлдсэн хэд хэдэн гэмт хэргийн мөрөөр ажиллаж байлаа. Хэдийгээр тэр мэргэжлийн анчин, зэрлэг байгальд амьдрах аргыг эзэмшсэн нэгэн байсан ч үе үе хүмүүсийн суурьшлын бүсэд ирж, хулгай, дээрмийн хэрэг үйлдэж байжээ.

зураг
 

Өчигдөр буюу Даваа гарагт Филлипс нэг хүүхдийн хамт орон нутгийн жижиг дэлгүүрийг тоноод зугтаж явахдаа цагдаа нарт буудуулж алагдсан байна.

Шинэ Зеландын хойд бүсийн Пиопио хэмээх жижиг хотод дэлгүүр дээрэмдсэн тэрбээр цагдаа нараас дөрвөн дугуйт мотоциклоор зугтжээ. Замд тавьсан хадаастай саад мотоциклыг нь онхолдуулахад тэр очсон цагдаа нар руу гал нээсэн байна. Буудалцааны үеэр цагдаагийн нэг албан хаагч толгойдоо хүнд шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн бол Филлипс газар дээрээ алагдсаныг цагдаагийн газрын дэд комиссар Жилл Рожерс сэтгүүлчдэд мэдээлжээ.

Хамт явсан хүүхэд нь эсэн мэнд баригдсан байна. Түүний өгсөн мэдээллийн дагуу нөгөө хоёр хүүхдийг өчигдөр орой ойролцоох ой дотроос мөн эсэн мэнд олжээ.

Хүүхдүүдийн ээж Кэт “дөрвөн жил шахуу хүүхдүүдээ үгүйлсэн зовлон шаналал нь дуусаж, сэтгэл амарсан” тухайгаа орон нутгийн хэвлэлд ярьсан байна.

Сураггүй алга болохоосоо өмнө Филлипс хүүхдүүдийнхээ хамт Вайкато мужийн Марокопа хэмээх жижиг тосгонд амьдардаг байжээ.

Эхнэртэйгээ муудалцаж салсан тэрбээр хүүхдүүдийнх нь асран халамжлах эрхийг шүүх цуцлахаар болсны дараа оргон зайлсан байна.

Марокопа тосгон нь далайн эргийн бартаа саад ихтэй, өтгөн ой модоор хучигдсан нутагт оршдог бөгөөд энд олон километр үргэлжилсэн агуйн сүлжээ байдаг.

зураг
 

2023 оноос хойш Филлипс хэд хэдэн удаа орон нутгийн багаж хэрэгсэл, хүнсний дэлгүүрт хулгайгаар нэвтэрч, дээрэмдэж байжээ.

Энэ үедээ зарим тохиолдолд нутгийн хүмүүстэй халз тулгарч байсан байна.

Өнгөрсөн онд тэр Шинэ Зеландын хойд арлын Те Куйти хэмээх жижиг хотын банкийг дээрэмдэж байв.

Сар хүрэхгүй хугацааны өмнө Филлипсийн гэр бүлийнхэн түүнд гэртээ буцаж ирэхийг уриалсан мэдэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацаж байсан юм.

Тухайн үед түүний эгч Роззи “хэрэгтэй бүхнийг даван туулахад нь гэр бүлээрээ туслахад бэлэн” байгаагаа орон нутгийн сонинд ярьж байжээ.

Өчигдөр Шинэ Зеландын ерөнхий сайд Крис Лаксон үйл явдал “гунигтай бөгөөд туйлын эмгэнэлтэй” төгссөнд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

“Өнөөдөр тохиолдсон зүйлийг хэн ч хүсээгүй. Шинэ Зеландын бүх ард иргэд ийм бодолтой байгаа гэдэгт би итгэлтэй байна” гэж тэр хэлжээ.

 

Эх сурвалж: BBC