Өдөр бүрийн 7,000 алхалт хүний тархины ажиллагааг сайжруулж, төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хангалттай гэсэн дүгнэлтийг хэсэг судлаачид гаргажээ.
Хүмүүсийн дунд нийтлэг ойлголт болсон 10,000 алхалтаас энэ нь илүү бодитой, хэрэгжүүлж болохуйц зүйл юм.
Өчигдөр “Lancet Public Health” анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн томоохон судалгааны тайланд 7,000 алхам нь хорт хавдар, зөнөгрөл, зүрх судасны өвчин гэх мэт эрүүл мэндийн олон эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтойг баталсан байна.
Энэ тоо илүү олон хүнийг эрүүл мэндээ сайжруулах бодит арга замаа олоход түлхэц болохыг судлаачид онцолжээ.
“Бид өдөрт 10,000 алхах ёстой гэсэн ойлголттой байдаг. Гэхдээ энэ нь нотлогдоогүй тоо юм” гэж судлаачдын ахлагч, доктор Мелоди Дин хэлсэн юм.
10,000 алхмыг 1960-аад оны үед Японд явуулсан маркетингийн нэгэн кампанит ажлаас үүдэлтэй тоо гэдэг.
Тухайлбал 1964 оны Токиогийн Зуны Олимпын өмнөхөн нэг компани “манпо кэй” нэртэй алхаа тоолдог төхөөрөмж худалдаанд гаргаж байжээ. Энэ брэнд нэрийг орчуулбал “10,000 алхам хэмжигч” гэсэн утгатай үг юм.
Доктор Диний баг дэлхийн орон орны 160,000 гаруй насанд хүрэгчийн эрүүл мэнд, хөдөлгөөний идэвхтэй холбоотой өмнөх судалгаануудыг нэгтгэн шинжилжээ.
Ингэхэд өдөрт 2,000 алхдаг хүмүүстэй харьцуулахад 7,000 алхдаг хүмүүсийн зүрх судасны өвчний эрсдэл 25 хувиар, хорт хавдрын эрсдэл 6 хувиар, зөнөх эрсдэл 38 хувиар, сэтгэлийн хямралын эрсдэл 22 хувиар тус тус буурдаг нь харагдсан байна.
Харин 7,000-аас дээш алхдаг тохиолдолд зүрх судаснаас бусад ихэнх төрлийн эрсдэлийн бууралт тогтворжиж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!