Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд Г.Занданшатар түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 7 сарын 12
IKON.MN
Зураг зураг

Үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын харьяат Монгол Улсын Манлай уяач З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ. Аман хүзүүнд Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Н.Мөнхийн бор, гуравт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Б.Гантулгын хээр, дөрөвт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Д.Аваасүрэнгийн хээр халзан, айргийн тавд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, алдарт уяач Б.Баярмагнайн бор соёолон хурдаллаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар улсын наадмын түрүү соёолонгийн уясан эзэн, унасан хүүхдэд хүндэтгэл үзүүлж, дахин олон айраг, түрүү хүртэж, наадамчин олноо баярлуулахыг ерөөлөө.

Манлай уяач З.Мэндсайхан унаган адуугаа улсын наадмын түрүү магнай болж, нутаг ус, моринд хайртай монгол түмнээ баярлуулсандаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэв.

Түрүү магнай хул соёолонг Монгол Улсын Тод манлай уяач Д.Мөнхбат уяж, 14 настай Л.Төгсжаргал унаж хурдлуулжээ. Л.Төгсжаргал хүү дөрвөн настайгаасаа хурдны морь унасан бөгөөд энэ нь түүний гурав дахь түрүү ажээ.