“Heil Hitler” нэртэй нацизмыг магтсан утгатай дуу бүтээсэн Америк рэппер Йе (хуучин нэр нь Кане Уэст) хилээр нь нэвтрэх боломжгүй болсныг Австралийн эрх баригчид өчигдөр зарлажээ.
Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Адольф Хитлерийг магтсан агуулгатай энэ дуугаа зах зээлд гаргаж байсан юм.
Йе бас хэдхэн сарын өмнө сошиал хуудсандаа “Би Хитлерт хайртай”, “Би Нацист” гэх зэргээр бичиж байв.
Австралийн дотоод хэргийн сайд Тони Бурк түүний өмнөх үйлдлүүд визийн статуст нь нөлөөлж байгаагүй бол сүүлийн дуу нь арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүргэснийг тайлбарлажээ.
“Энэ бол доод ангиллын виз байсан. Нацизмыг сурталчлах ийм зүйл Австралид хэрэггүй. Бидэнд шийдвэрлэх олон асуудал байхад заавал үүнийг импортлох шаардлагагүй” гэж сайд ABC телевизийн сувгаар ярьсан байна.
Австралийн дизайнер Бианка Ченсоритой 2022 оны арванхоёрдугаар сард гэрлэсэн Йе нь өмнө нь тус улсад олон удаа ирж байсныг Бурк баталжээ.
2024 оны аравдугаар сард АНУ-ын консерватив инфлүэнсер Кэндис Оуэнс мөн Австрали улсад нэвтрэх эрхгүй болж байв.
Тухайн үед Бурк “Кэндис Оуэнс өөр хаа нэг газарт байх нь Австралийн үндэсний эрх ашигт хамгийн сайн нийцнэ” гэж хэлж байжээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!