Уншиж байна ...
Зураг
Зураг

"Монгол дархчуудын сор бүтээлийн үзэсгэлэнг ирэх сард дэлгэж, шилдгүүдээ шалгаруулна"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Монгол дархан-2025” үзэсгэлэнг ирэх сард Чингис хаан үндэсний музейд дэлгэх талаар “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбооноос мэдээлэв. 

Энэ удаагийн үзэсгэлэнгийн шалгаруулалтыг дараах дөрвөн төрлөөр зохион байгуулна. 

Тодруулбал:

  1. Ардын урлал
  2. Шашны урлал
  3. Чимэглэлийн урлал
  4. Чөлөөт уран бүтээлийг хүлээн авч, шилдэг 20 бүтээлийг шалгаруулна. 
"Монгол дархны өв соёл, урлагийн гайхамшиг" нэрийн доор өргөн хүрээтэй зохион байгуулах тус үзэсгэлэнд Буриад, Өвөр Монголын уран бүтээлчид ирж оролцох аж. 

Монголын уран дархны "Түмэн эрдэнэс" нэгдсэн холбооны тэргүүн н.Батзориг хэлэхдээ "2016 онд Монгол дархны урлагийг дэмжих тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Улмаар дархчуудын үзэсгэлэнг гурван жил тутам уламжлал болгон зохион байгуулж ирлээ. 

Энэ жил “Монголчуудын түүхэнд дархчуудын оролцоо” сэдвийн доор үзэсгэлэнг дэлгэнэ.

Дархчууд маань шилмэл сор бүтээлүүдээ дэлгэн танилцуулах юм. Мөн эртний эдлэл цуглуулагчдын зүгээс уран дархантай холбоотой эд өлгийн зүйлсийг үзүүлнэ.

Үүний зэрэгцээ Өндөр гэгээн Занабазарын 390 жилийн ой энэ жил тохиож байгаа. Иймд Өндөр гэгээний урласан тэдгээр бүтээлүүдийг үзүүлэх ач холбогдолтой юм. 

Үзэсгэлэнг долдугаар сарын 2-нд нээнэ. Харин албан ёсны нээлтийг долдугаар сарын 4-нд зохион байгуулна. 

Дархчууддаа сануулахад зургаадугаар сарын 28-ныг хүртэл бүх бүтээлийг хүлээн авсан байх болно. Харин биет бүтээлийг 29, 30-нд хүлээн авна.

Эцсийн хугацаа нь зургаадугаар сарын 29, 30-н учраас бүх бүтээлээ авчирсан байх шаардлагатайг онцгойлон хэлье. Өмнө нь үзэсгэлэн зохион байгуулах явц дунд зарим бүтээлийг авдаг байсан. Энэ удаад ийм боломжгүй" гэв. 

"Залуустаа хандаж уран дархны эрдэмд суралцахыг уриалъя"

“Түмэн эрдэнэс” нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн н.Алтангэрэл "Манай залуус монгол дархны урлагт уран ухаанаа уралдуулах нь ховор байна. 

Монгол хүний оюун ухаанаар бүтэж байгаа энэ сайхан өв соёлынхоо төлөө залуус маань нэгдэж, ахмад үеийнхээ дархчуудаас суралцах хэрэгтэй. 

Иймд залуустаа хандаж уран дархны эрдэмд суралцахыг уриалъя. Энэ удаагийн үзэсгэлэнд аймаг аймгийн дархчуудаас нэрд гарсан уран бүтээлчид ирж оролцоно" хэмээн хэллээ.