• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

"Оклахома Сити Тандер" NBA-гийн аваргын цомыг өргөлөө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Лиг (NBA)-гийн 2024-2025 оны аваргаар "Оклахома Сити Тандер" баг тодорлоо.

Улиралд үзүүлсэн амжилтаараа тэргүүлсэн "Тандер" аваргын төлөө "Индиана Пэйсерз"-тэй долоон цуврал тоглолтын эцэст 4:3-аар аваргын цом өргөсөн юм. Сүүлийн тоглолтод өрсөлдөгчөө 103:91-ээр буулган авснаар Оклахома хотод суурьшсан цагаасаа хойш 17 жилийн дараа лигийн аварга болж байна.

"Тандер" баг улирал болон хасагдах шатны тоглолтыг оролцуулаад 84 хожил авсан нь бүх цаг үед гуравдугаарт орох үзүүлэлт. Шинэхэн аваргуудын өмнө 88 хожилтой 2016-2017 оны "Голден Стэйт" болон 87 ялалт байгуулсан 2015-2016 оны "Чикаго Буллз" бичигдэж байна.

Оклахомагийн лидер Шэй Гилжүс Александер цувралын сүүлийн тоглолтод 29 оноо, 12 оновчтой дамжуулалт гүйцэтгэв. Тэрбээр улирлын үнэ цэнтэй тоглогч болон шигшээ цувралын үнэ цэнтэй тоглогч, аваргын цом, улиралд авсан оноогоор тэргүүлэгч гээд ховор амжилтын эзэн болов.

Хамгийн сүүлд 2014-2015 оны улиралд үнэ цэнтэй тоглогч болсон жилээ аваргын цом хүртсэн тоглогч бол Стеф Көрри. 

Тэгвэл ийм амжилтыг домогт Майкл Жордан дөрөв, Леброн Жэймс болон Ларри Бөрд нар тус бүр хоёр, Тим Данкан, Шакил Онил, Хакем Олажувон, Мэйжик Жонсон, Мозес Малоун, Карийм Абдул Жаббар болон Уллис Рийд нар үзүүлж байв.

Мөн улиралд 32.7 оноо дундажласан бол шигшээ цувралд 30.3 оноо авсан Шай онооны аварга болсон жилээ цом өргөсөн нь 2000 оны Шакил Онилоос хойших эхний тоглогч болжээ.

Өмнө нь Майкл Жордан зургаан удаа, Карийм Абдул Жаббар болон Жорж Майкан нар тус бүр хоёр, Жое Фулкс нар л ийм амжилтыг үзүүүлсэн түүхтэй.

 

Эх сурвалж: ESPN