Тэрбумтан Илон Маскийн Тесла компани удаан хүлээгдсэн роботаксигаа өчигдөр буюу Ням гарагт Техас мужийн Остин хотод туршилтын журмаар зорчуулж эхэлжээ.
Хэдийгээр бүрэн автомат жолоодлоготой ч Теслагийн ажилтнууд аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигчийн суудалд явж байгаа юм байна.
Энэ сарын эхээр Маск роботаксины загварыг сошиал хуудсаараа нийтэд анх үзүүлж байв. Роботакси нь Тесла компанийн Model Y загвар дээр суурилсан Cybercab нэртэй автомат жолоодлоготой цахилгаан автомашин юм.
Остинд эхэлсэн туршилтын үйлчилгээнд Тесла компанийн сонгосон цөөн тооны хүмүүс хамрагдах ба нэг удаа зорчиход зайнаас хамааралгүй тогтмол $4.20 төлөх гэнэ.
2019 онд роботаксийг анх танилцуулахдаа Илон Маск 2020 оны сүүлч гэхэд нэг сая гаруй ийм автомашин нийтэд үйлчилж байх төсөөллөө зарлаж байв.
Гэвч тэр үеэс хойш олон удаа хойшлуулсан бөгөөд хамгийн сүүлд 2027 оноос өмнө үйлчилгээнд нэвтрүүлэхээ Маск амлаж байжээ. Роботаксийн анхны үйлчлүүлэгчид өөр өөрийн туршлагыг сошиал орчинд хуваалцаж эхэлсэн байна.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!