Социализмын үед бичигдсэн Монголын түүхэнд “Манжийн дарлал”, “манж, хятадын дарлал” хэмээх ойлголт байдаг. Сүүлийн жилүүдэд манай эрдэмтэд, судлаачид үүнийг өөрөөр тайлбарлах болсон.
Тухайлбал Чин гүрний захиргаанд байхдаа монголчууд дарлагдаж байгаагүй, харин Манж үндэстэнтэй холбоотон болсныхоо хувьд тусгай статустай оршиж байсныг түүхийн олон баримтаар нотлох болсон билээ.
Тэгвэл үүнийг олон улсад нэр хүндтэй Австралийн хятад судлаач эрдэмтэн баталжээ.
Эдүгээ 94 настай профессор Ван Гунву нь олон улсад танигдсан Хятадын түүх, соёл иргэншил судлаач, Зүүн Өмнөд Азийн түүх судлаач хүн юм.
Тэрбээр өнгөрсөн сард Сингапурын “Front Row” подкаст нэвтрүүлэгт оролцохдоо өнөөгийн Хятад улсын түүхийн талаар ярьжээ.
Ингэхдээ 17 дугаар зуунд үүсгэн байгуулагдаж, 20 дугаар зууны эхэн хүртэл оршин тогтносон Чин улсыг хятад үндэстний улс байгаагүй, манж, монголын холбоотнуудын үүсгэн байгуулсан олон үндэстний улс байсныг ярьсан юм.
“19 дүгээр зуунд Чин улс гэж байлаа. Гэхдээ энэ нь гарал үүслийн хувьд хятад үндэстний улс байгаагүй. Манжуураас гаралтай, хятадаас тэс өөр хэл соёлтой манж үндэстний байгуулсан улс байсан. Тэд 17 дугаар зуунд Хятадын бүх газар нутгийг эзэлсэн. Үүний хажуугаар тэд өөрийн бага холбоотон Монголтой (манж нар өөрсдөө манлайлах үүрэгтэй байсан) хамтран Төвөд, Шинжаан зэрэг бусад газар нутгийг нэгтгэсэн юм. Ингэж эзэнт гүрнээ тэлэхэд нь хятад үндэстэн ямар ч хамаагүй байсан” гэж Ван профессор ярьсан байна.
Эх сурвалж: Front Row Podcast
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!