"Хамгийн сайн халамж хөдөлмөр эрхлэлт" уриатай хэрэгжиж буй хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээ Хөвсгөл аймагт үргэлжилж байгааг Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ГБХНХЯ)-наас мэдээллээ.
Энэ хүрээнд Хөвсгөл аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран хамгаалдаг эцэг, эхчүүдийн эрхэлж буй бизнесийг сурталчлах, дэмжих, төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос хүргэх "Ability expo" арга хэмжээг зохион байгуулав.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Монгол Улсад байгаа 112,000 хөгжлийн бэрхшээлтэй иргэн халамж хүсэгчид биш.
Гэр бүлд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхад тухайн гэр бүлийн эдийн засаг, амьдралын чанар дагаад буурдаг судалгаа бий. Тэдний эрэлт хэрэгцээ, ур чадварт нь нийцсэн ажлын байртай болгох нь нэн чухал асуудал.
ГБНХЯ-наас хөгжлийн бэрхшээлтэй хүн үйлчилгээ авахад учирч байгаа саад бэрхшээлийг илрүүлэх, шийдвэрлэх арга замыг оновчтой тогтоох, хүний онцлог хэрэгцээнд тохирсон үйлчилгээг хүргэх нийгмийн үйлчилгээний зураглал гаргахаар ажиллаж байна.
Цаашдаа уг зураглалаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөгжлийн цогц үйлчилгээ хүргэхэд чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Тус арга хэмжээг цаашид зургаан аймагт бүсчлэн зохион байгуулахаар төлөвлөж байна" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!