Испанийн рестораны сүлжээ “мафи” брэндийн эзэмших эрхээ Италийн засгийн газарт алдах магадлалтай болжээ
Испанийн нэг рестораны сүлжээ “La Mafia se sienta a la mesa” брэнд нэрээ Италийн засгийн газрын шахалтаар өөрчилж магадгүй болжээ.
Испани хэлээр “Ширээнд сууж буй мафи” гэсэн утгатай энэ нэрийг хориглуулахаар Италийн засгийн газар сүүлийн хэдэн жилийн турш янз бүрийн түвшинд эзэмшигчийнх нь эсрэг заргалдаж байгаа юм.
2018 онд Европын Холбооны оюуны өмчийн газар уг нэрийг мафийн талаар нийгэмд эерэг дүр төрх бүрдүүлэх сөрөг нөлөөтэй тул хориглох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж байжээ.
“Уг брэнд нь зөвхөн гэмт хэргийн байгууллагын хохирогчид болон тэдний гэр бүлийг төдийгүй Европын Холбооны нутаг дэвсгэр дээр үүнийг тэвчих мэдрэмжгүй аливаа хүнийг цочирдуулж, гомдоох магадлалтай” гэж уг дүгнэлтэд өгүүлсэн байна.
Тэгвэл үүнээс хойш найман жилийн дараа Испанийн Патент, Барааны тэмдгийн газар Италийн засгийн газрын талд шийдвэр гаргаж, рестораны сүлжээний нэрийг хүчингүй болгож байгаагаа сая зарлажээ.
Рестораны захиргаа уг нэрийг гэмт хэргийн байгууллагатай хамаагүй, хоолны жорын номоос авсан, орчин үед “мафи” гэдэг үг хууль бус үйл ажиллагааг илэрхийлэхээ больсон гэж маргасан ч хүлээж аваагүй байна.
Харин Италийн эрх баригчид үүнийг “хар тамхи, зэр зэвсгийн худалдаа, зохион байгуулалттай гэмт хэрэг, дээрэм, мөнгө угаалт, төрийн албан тушаалтнуудын авлига, аллага зэрэг хууль бус үйлдлүүдтэй холбоотой” байгууллагыг илэрхийлдэг нэр томьёо хэвээр байгаа гэж тайлбарлажээ.
Гэвч рестораны сүлжээ дээрх шийдвэрийг “Испанид урьд өмнө гарч байгаагүй гажуудал” гэж тодорхойлоод давж заалдахаа мэдэгдсэн байна.
Мөн уг брэнд нэрээ сүүлийн хорь орчим жил хамгаалж, хадгалсаар ирснээ дурдаад энэ асуудлаар Испани дахь Италийн элчин сайдтай шууд ярилцах бодолтой байгаагаа илэрхийлжээ.
“Олон жилийн турш бид нэрийнхээ гарал үүсэл, утгыг тайлбарлахыг оролдсон боловч боломж олдоогүй. Бид энэ хугацаанд манай нэртэй холбоотой аливаа сөрөг ойлголтоос зайлсхийхийг хичээсээр ирсэн. Манай зорилго бол компанийн ирээдүйг үргэлжлүүлэн бүтээж, Итали-Газар дундын тэнгисийн өндөр чанартай, өвөрмөц хоолоор хүмүүст үйлчлэх юм” гэж рестораны төлөөлөгч мэдэгджээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
