Хэрвээ шаардлага гарвал Турк улс Украинд энхийг сахиулах ажиллагаанд цэргийн хүчээ илгээхэд бэлэн байгааг тус улсын батлан хамгаалах яамны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.
“Бүс нутгийн тогтвортой байдал, энх тайвныг тогтооход шаардлагатай гэж үзвэл бид өөрийн хувь нэмрээ оруулах асуудлыг холбогдох бүх талуудтай ярилцах болно” гэж нэрээ нууцлахыг хүссэн албаны эх сурвалж хэлсэн байна.
Трампын засаг захиргаа АНУ-ын Украинд үзүүлэх тусламжийг зогсоож, Европын орнууд өөрийн батлан хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж буй цаг үетэй энэ мэдэгдэл давхцаж байгаа юм.
Одоогоор Их Британи, Франц улсууд ирээдүйд байгуулагдах энхийн гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Украинд цэргийн хүчээ илгээх хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлээд байна.
Турк улсын хувьд НАТО-гийн гишүүн орнуудын дотроос АНУ-ын дараа хоёрт орох хүчирхэг армитай улс юм.
Хар тэнгисээр хил залгадгийнхаа хувьд тус улс Украины дайн эхэлсэн цагаас хойш хоёр хөршийнхөө хооронд гал зогсоох зорилготой яриа хэлэлцээг хоёр ч удаа зохион байгуулж байв.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!