Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сирийн босогчид нийслэл Дамаск хотыг бүсэлж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Арав орчим хоногийн өмнө давшилтаа эхлүүлсэн Сирийн босогчид хэд хэдэн хотыг дараалан эзэлснийхээ дараа нийслэл Дамаск хотыг бүсэлж эхэлжээ.

Өчигдөр тус улсын ерөнхийлөгч Башар аль Ассад улс орноосоо дүрвэсэн тухай яриа гарсныг Сирийн ерөнхийлөгчийн хэвлэлийн алба няцаасан байна.

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Хаяат Тахрир аль Шам (ХТШ) исламын зэвсэгт бүлэглэлийн тэргүүлсэн босогчдын хүч засгийн газрын армийн эсрэг шинэ давшилт эхлүүлж, хэдхэн хоногийн дотор Сирийн хоёр дахь том хот Алеппог эзэлсэн юм.

Дараа нь Хама хотыг эзэлж одоо Хомс хотыг авахаар тулалдаж байна.

Өчигдрийн байдлаар босогчдын өөр нэг бүлэг Сирийн өмнөд бүсийн Дараа, Свейда мужуудаас Ассадын армийн цэргүүдийг шахан гаргаж, Дараяа хотод нэвтэрчээ.

Уг хот нь нийслэл Дамаскын төвөөс 10 хүрэхгүй километрын зайд оршдог.

Дамаскаас зүүн зүгт оршдог эртний Палмира хотыг Чөлөөт Сирийн Арми босогчдын бүлэглэл эзэлсэн тухай мэдээ ирж байна.

Ингэснээрээ босогчид нийслэл Дамаск хотыг алсуур тойрон бүслэх боломжтой болж байгаа юм.

Ассадын армийн цэргүүд Хомс хотыг босогчдоос хамгаалан тулалдаж байгааг Сирийн төв хэвлэл өчигдөр мэдээлжээ.

Энэ хотыг алдвал Ассадын дэглэм тэнгисийн эргийн бүс нутгаасаа таслагдах юм. Тэнгисийн эргийн Тартус, Латакиа мужуудад Ассадад үнэнч шашны алавит урсгалынхан төвлөрдгөөс гадна гол холбоотон Оросын цэргийн бааз байрладаг.

Бас босогчдын зэвсэгт бүлэглэлүүд нийслэл Дамаск хотыг бүх талаас нь бүслэн давших боломжтой болно.

Өчигдөр Иракийн засгийн газар Сирийн армийн 2,000 орчим цэрэг босогчдоос зугтан нутаг дэвсгэрт нь орж ирснийг мэдээлжээ.

2011 онд эхэлсэн иргэний дайнд Ассадын дэглэмийг цэрэг зэвсэг, хөрөнгө мөнгөөр дэмжиж байсан Орос, Иран улсууд энэ удаа өмнөх шигээ туслахгүй нь тодорхой болоод байна.

Ираны хилийн чанад дахь хамгийн хүчирхэг холбоотон Ливаны Хебзолла байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Наим Кассем өнгөрсөн Пүрэв гарагт хэлсэн үгэндээ тус байгууллага Ассадын дэглэмийн талд байгаа ч бодитой тусламж үзүүлэх боломжгүйгээ илэрхийлсэн юм.

Өчигдөр Сирийн төрийн төв хэвлэл ерөнхийлөгч Ассад эх орноосоо дүрвэсэн гэх мэдээллийг үгүйсгэжээ.

“Арабын Бүгд Найрамдах Сири Улсын ерөнхийлөгчийн тамгын газар ноён ерөнхийлөгч нийслэл Дамаск хотод үндсэн хуулиар олгогдсон ажил үүргээ үргэлжлүүлэн хашиж байгааг баталлаа” гэж уг мэдээнд өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters