Оросын талаас томоохон агаарын довтолгоо явуулж болзошгүй гэсэн шалтгаанаар Лхагва гарагийн өглөөнөөс эхлэн Киев хот дахь элчин сайдын яамаа АНУ түр хаах шийдвэр гаргажээ.
Итали, Грек улсуудын элчин сайдын яамд бас ижил арга хэмжээ авсан байна.
Францын элчин сайдын яам хаалгаа бариагүй ч иргэддээ болгоомжтой байхыг анхааруулжээ.
Лхагва гарагийн үдээс хойш Киев хотод агаарын түгшүүр зарлаж, ард иргэдийг хоргодох байранд орох заавар өгсөн ч удалгүй цуцлагдсан байна.
Мягмар гарагт Украины арми АНУ-ын нийлүүлсэн ATACMS пуужингаар Оросын нутаг дэвсгэрийн гүн дэх зэвсгийн агуулахад довтолсон юм.
Элчин сайдын яамд түр хугацаагаар хаагдсан нь үүний хариу арга хэмжээг Оросын талаас авч болзошгүй гэж үзсэнтэй холбоотой бололтой.
“Аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс элчин сайдын яамны байрыг хааж, ажилтнуудад хоргодох байранд орох зааварчилгаа өглөө. АНУ-ын элчин сайдын яамнаас өөрийн иргэдэд агаарын түгшүүр зарласан тохиолдолд нэн даруй хоргодох байранд орох бэлтгэлтэй байхыг зөвлөж байна” гэж АНУ-ын төрийн департаментын консулын хэрэг эрхлэх газраас мэдээлжээ.
Лхагва гарагт нийтлэгдсэн ярилцлагадаа ОХУ-ын гадаад тагнуулын албаны дарга Сергей Нарышкин алсын тусгалын зэвсгийг Оросын нутаг дэвсгэрт хэрэглэхийг зөвшөөрсөн НАТО-гийн гишүүн орнуудын эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.
Ням гарагт Оросын тал Украины эрчим хүчний дэд бүтцийн эсрэг томоохон агаарын довтолгоо явуулж, их хэмжээний хохирол учруулсан юм.
Үүний дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нийлүүлсэн алсын тусгалын зэвсгийнхээ цохилтын хязгаарлалтыг цуцалсан тухай мэдээ тарж байв.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!