Уншиж байна ...

Украины арми Их Британийн “Storm Shadow” пуужинг анх удаа Оросын нутаг руу харважээ

Т.Давааням, ikon.mn
6 цаг 34 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын алсын тусгалын зэвсгийг Оросын нутаг дэвсгэрийн гүнд хэрэглэхийг Украины талд ерөнхийлөгч Жо Байден зөвшөөрсний дараа Их Британи улс бас ижил арга хэмжээ авсан бололтой.

Тухайлбал Их Британийн нийлүүлсэн “Storm Shadow” пуужингаар Украины арми Оросын нутагт анх удаа довтолсныг өчигдөр тал талын эх сурвалжууд мэдээлжээ.

Лхагва гарагийн өглөө нийт 12 ийм пуужингаар ОХУ-ын Курск мужийн нутаг дахь цэргийн байгууламжуудад довтолсон тухай Орос, Британийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Нийлүүлсэн алсын тусгалын зэвсгийнхээ хязгаарлалтыг цуцалсан эсэх талаар тодруулахад Их Британийн ерөнхий сайдын алба, батлан хамгаалах яамны хэвлэлийн алба мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Өчигдөр тус улсын батлан хамгаалахын сайд Жон Хилигээс парламентын гишүүд энэ талаар тодруулахад “байлдааны үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэж хариулсан байна.

Гэхдээ тэр Мягмар гарагт Украины батлан хамгаалахын сайд Рустем Умеровтой утсаар ярьж, Их Британийн тусламж дэмжлэгийн талаар хэлэлцсэн тухай энэ үеэр мэдээлжээ.

“Сүүлийн долоо хоногт бид Украины нөхцөл байдалд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байгааг ажиглаж байна. Украины үйлдэл, тулааны талбарын үйл явц өөрөө үүнийг харуулж байгаа. Манай улсын хувьд Украинд үзүүлэх тусламж дэмжлэгээ хоёр дахин нэмэгдүүлж, илүү ихийг хийх шийдвэр гаргасан” гэж тэр хэлсэн байна.

Бразилын Рио Де Жанейро хотод Их 20-ын бүлгийн дээд чуулганд оролцож байхдаа Их Британийн ерөнхий сайд Кир Стармер “Оросыг ялахад Украинд хэрэгтэй байгаа бүгдийг нийлүүлэх болно” гэж амласан юм.

Даваа, Мягмар гарагуудад Украины арми АНУ-ын ATACMS алсын тусгалын зэвсгийг Оросын Брянск мужийн нутаг дахь цэргийн байгууламжуудад довтлохдоо ашигласан тухай өмнө нь мэдээлж байв.

Үүний хариуд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсгийн номлолоо шинэчилж, хэрэглэх нөхцөл шаардлагыг нь өргөжүүлсэн.

“Storm Shadow” бол Их Британи, Франц улсуудын хамтран бүтээсэн алсын тусгалын далавчит пуужин юм. Францын тал үүнийг “Scalp” гэж нэрлэдэг.

Уг пуужинг сөнөөгч онгоцноос харвадаг бөгөөд тусгалын зай нь 250 км юм.

 

Эх сурвалж: AFP