Уншиж байна ...

Калифорни мужийн эрх баригчид даатгалын мөнгө авахын тулд баавгайн дүрд тоглодог этгээдүүдийг баривчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Үнэтэй тансаг ангиллын автомашиныг нь баавгай гэмтээсэн тухай хуурамч баримтаар даатгалын гурван компаниас нийт $142,000-ын нөхөн төлбөр авсан Лос-Анжелес хотын дөрвөн оршин суугчийг баривчилснаа Калифорни мужийн даатгалын алба өчигдөр мэдээлжээ.

Гэмт этгээдүүд энэ оны нэгдүгээр сард уулнаас буусан баавгай нэг Rolls Royce болон хоёр Mercedes автомашины дотор нэвтэрч байгааг харуулсан дүрс бичлэгийг даатгалын компанид ирүүлж байсан гэнэ.

Мөн баавгай автомашинуудын хаалга, суудлыг урж гэмтээснийг батлах гэрэл зураг ирүүлж байжээ.

Гэвч даатгалын компани машинд суусан баавгай үнэндээ баавгайн өмсгөлтэй хүн байж болзошгүй хэмээн сэжиглэсэн байна.

Улмаар мөрдөгчид ижил төстэй дүрс бичлэг үзүүлэн өөр хоёр даатгалын компаниас нөхөн төлбөр гаргуулсан баримтыг олжээ.

Калифорни мужийн даатгалын алба амьтан судлаач мэргэжилтэн урьж, дүрс бичлэгүүдийг шалгуулаад “баавгайн өмсгөлтэй хүн мөн” гэсэн дүгнэлт гаргуулсан байна.

Үүний дараа залилагчдыг илрүүлэх “Operation Bear Claw” нэртэй ажиллагааг эхлүүлж, хуулийн байгууллагаас нэгжлэг явуулах зөвшөөрөл авчээ.

Ингээд сэжигтний гэрт нэгжлэг явуулахад баавгайн өмсгөл олдсон байна.

Сүүлийн жилүүдэд хоол тэжээл хайсан баавгай хүмүүсийн орон байрт халдах явдал Калифорни мужийн нутаг дэвсгэрт түгээмэл гарах болсон юм. Гэмт хэрэгтнүүд үүнийг хууль бус орлого олох арга зам болгон ашиглаж байгаад ийнхүү баригдсан байна.

 

Эх сурвалж: Associated Press