Уншиж байна ...
Зураг
Зураг

Умард Солонгос GPS дохио сарниулах халдлага явуулсны улмаас тэнгисийн болон агаарын хөлгүүдийн ажиллагаа доголджээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын тал газар зүйн байршил тогтоох GPS системийн дохиог сарниулах ажиллагааг хоёр дахь өдрөө дараалан явуулсныг Өмнөд Солонгосын албаныхан Бямба гарагт мэдээлжээ.

Уг халдлага тэнгисийн хэд хэдэн хөлөг онгоц, иргэний агаарын тээврийн хэдэн арван нисэх онгоцны үйл ажиллагаанд нөлөөлсөн байна.

Халдлагыг Умард Солонгосын Хэжү, Кэсонг мужийн газар нутгаас явуулж буй тул Шар тэнгисийн орчимд зорчиж буй тэнгисийн болон агаарын хөлгүүдэд сонор сэрэмжтэй байхыг Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний жанжин штаб анхааруулжээ.

Умард Солонгос улс ийм халдлагыг өмнө нь энэ оны тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 2-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын баруун хойд хил орчимд зохион байгуулж байсан юм.

Энэ удаагийн ажиллагааны хүчин чадал өмнөхөөсөө харьцангуй сул байгааг албаныхан мэдээлжээ.

Зургаадугаар сард Умард Солонгосын энэ үйлдлийн талаар Өмнөд Солонгосын тал ITU (International Telecommunication Union), ICAO (International Civil Aviation Organization), IMO (International Maritime Organization) гэсэн харилцаа холбоо, агаарын болон тэнгисийн тээврийн олон улсын гурван байгууллагад гомдол гаргаж, хариу арга хэмжээ авахыг хүсэж байсан юм.

Умард Солонгос нь дээрх гурван байгууллагын гишүүн юм байна.

Хүсэлтийн хариуд ICAO байгууллага Умард Солонгосын аюултай үйлдлийг буруушааж, зогсоохыг шаардсан мэдэгдэл гаргаж байжээ.

 

Эх сурвалж: Yonhap News