Уншиж байна ...

2025 онд багтаан Украины дайныг дуусгах “боломж” гарч ирж байгааг Зеленский хэлжээ

Т.Давааням, ikon.mn
2 цаг 23 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Тулааны талбар дахь одоогийн нөхцөл байдал 2025 онд багтаан Украины дайныг дуусгах “боломж” бүрдүүлж байгааг тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр хэлжээ.

Тэрбээр Лхагва гарагт Хорватын Дубровник хотод Украин-Зүүн Өмнөд Европын гуравдугаар чуулга уулзалтад оролцохдоо ингэж хэлсэн байна.

Гэхдээ энэ боломжийг ашиглахад АНУ тэргүүтэй холбоотнуудын тусламж дэмжлэг чухал болохыг Зеленский бас онцолжээ.

“Арав, арван нэг, арван хоёрдугаар саруудад бидэнд нөхцөл байдлыг эргүүлж, урт хугацаанд энх тайван тогтоох бодит боломж гарч ирж байна. 2025 оноос хэтрүүлэлгүй дайныг зогсооход шаардлагатай шийдвэрлэх арга хэмжээг авах боломжийг тулааны талбар дахь нөхцөл байдал үүсгэж байна” гэж тэр хэлсэн юм.

Дайн хоёр жил, хагас гаруй хугацаанд үргэлжилж, Украины дорнод болон өмнөд хэсэгт нийт газар нутгийн 20 орчим хувийг Оросын арми хяналтдаа аваад байгаа.

Сүүлийн хоёр сарын хугацаанд Украины арми ОХУ-ын Курск мужийн нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хяналтаа тогтоосон бол Оросын арми дорнод фронтын чиглэлд алгуур давшиж байна.

Зеленский өнгөрсөн сард “ялалтын төлөвлөгөө”-гөө АНУ-ын эрх баригчдад танилцуулсан юм. Украины тал бас Өрнөдийн алсын тусгалын зэвсгийг Оросын нутаг дэвсгэрт ашиглах эрх өгөхийг холбоотнуудаасаа хүсэж байгаа.

Гэхдээ нөгөө талаас арваннэгдүгээр сарын 5-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украины явуулж буй дайны хувь заяаг шийдэх төлөвтэй байна.

Хэрвээ энэ сонгуульд Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трамп ялбал АНУ-аас Украинд үзүүлэх тусламж дэмжлэг зогсох магадлалтай юм.

“Миний хэлсэнчлэн энэ төлөвлөгөө нь Украиныг бэхжүүлэх зорилготой. Хэрвээ холбоотнууд маань ОХУ-аас айгаагүй л бол энэ төлөвлөгөөнд эргэлзэх үндэс байхгүй гэж би бодож байна. Бид энэ төлөвлөгөөний хүрээнд НАТО-д элсэх эхний алхам болох урилгаа авахыг хүсэж байна” гэж Зеленский чуулганы дараа сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

Тэрбээр бас Зүүн Өмнөд Европын 12 улсын төлөөлөгчдөд Украины зэвсэг үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулахыг уриалсан байна.

“Энэ хөрөнгө оруулалт одоохондоо бидэнд туслах бол дайны дараа та бүхний хүчин чадлыг бэхжүүлэхэд хэрэг болно” гэж тэр тайлбарлажээ.

Зеленский бас чуулганд оролцогч улс орнуудад Украины сэргээн босголтод оролцохыг уриалсан юм.

“Бид зөвхөн энэ дайнаар Оросын сүйтгэсэн зүйлсийг сэргээн босгох талаар яриагүй. Бас Европыг хүчирхэгжүүлэх эрчим хүч, аж үйлдвэрийн бүтээн байгуулалтуудыг ярьж байгаа юм” гэж Зеленский хэлжээ.

Украин-Зүүн Өмнөд Европын чуулга уулзалтын эхнийх нь 2022 оны наймдугаар сард Грекийн Афинд, дараа жилийнх нь Албанийн Тирана хотод зохион байгуулагдаж байв.

 

Эх сурвалж: Reuters