Уншиж байна ...

АНУ, Их Британийн гурван эрдэмтэн химийн салбарын Нобелийн шагналыг хүртэнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ, Их Британийн гурван эрдэмтэн амьд ертөнцийн чухал бүрэлдэхүүн хэсэг болдог уургийн бүтцийг судалсан ажлуудаараа химийн салбарын Нобелийн шагналыг хүртэхээр болсныг өчигдөр зарлажээ.

Шагналын 11 сая швед кроны ($1.1 сая) талыг АНУ-ын эрдэмтэн Дэвид Бэйкер, үлдсэн талыг АНУ-ын Жон Жампер, Их Британийн Дэмис Хассабис нар хувааж хүртэхээр болсон байна.

Бэйкер нь Сиэтл хотын Вашингтоны Их сургуулийн профессор бол Хассабис нь хиймэл оюуны Google DeepMind компанийн гүйцэтгэх захирал, Жампер нь тус компанийн ахлах судлаач юм.

Бэйкерийн хувьд 2003 онд амино хүчил дээр үндэслэн дурын бүтэцтэй уургийг бүтээх арга техникийг боловсруулж байжээ.

Үүний үр дүнд эм, вакцин, нано материал зэргийг үйлдвэрлэхэд шаардлагатай төрөл бүрийн уургийг богино хугацаанд гаргаж авах боломжтой болсон юм.

“Тэрбээр цоо шинэ хэлбэр, функцтэй уургийг зохион бүтээх зориулалттай тооцоолуурын багаж хэрэгслийг боловсруулж, хүн төрөлхтөнд хамгийн их ашиг тус өгөх хязгааргүй боломжийг нээсэн юм” гэж химийн салбарын Нобелийн шагналын хорооны тэргүүн Хайнер Линке тайлбарлажээ.

Хассабис, Жампер нар 2020 онд одоогоор шинжлэх ухаанд мэдэгдээд байгаа 200 сая гаруй төрлийн уургийн бүтцийг урьдчилан таамаглах боломжтой AlphaFold2 нэртэй хиймэл оюуны загварыг бүтээсэн юм.

Энэ жилийн Нобелийн шагналтнуудыг зарлах үйл ажиллагаа Даваа гарагт анагаах ухаанаар эхэлж, Мягмар гарагт физикээр үргэлжилсэн.

Өнөөдөр буюу Пүрэв гарагт утга зохиолын, маргааш буюу Баасан гарагт энх тайвны Нобелийн шагналтнуудыг зарлана.

Ирэх Даваа гарагт эдийн засгийн салбарын шагналтныг зарласнаар энэ оны бүх шагналтнууд тодорч дуусах юм.

Нэр тодорсон эрхмүүд арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Стокхольм хотод болох ёслолын арга хэмжээний үеэр шагналын мөнгөө гардаж авахаас гадна Шведийн хааны хүндэт медалийг зүүнэ.

Шагналыг санаачлагч Алфред Нобелийг нас барснаас хойш 15 жилийн дараа 1901 онд анхны шагналыг анагаах ухаан, физик, хими, утга зохиол, энх тайвны салбарынханд олгож байжээ.

Мөнгөн шагналыг Алфред Нобелийн гэрээсэлж үлдээсэн мөнгөөр санхүүжүүлдэг.

Эдийн засгийн салбарын шагналыг Шведийн төв банк сүүлд нэмж, өөрөө санхүүжүүлдэг болжээ.

 

Эх сурвалж: Reuters