Ц.Цогтбаатар: Тив, дэлхийд нэрээ дуурсгасан сайн жүдоч болохыг хүсдэг
Өнгөрсөн долоо хоногт жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ олон сонирхолтой барилдаанаар дүүрэн болж өндөрлөсөн.
Тухайлбал, Монголын жүдочдын тив, дэлхий, олон улсын тэмцээнээс өндөр амжилт үзүүлдэг уламжлалтай 60 кг-ын жинд л гэхэд ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны 17 настай жүдоч Цэнд-Очирын Цогтбаатар хүү “цахиур хагалж” жингийнхээ шилдэг жүдочдыг ялж, хүрэл медалийн эзэн болсон юм.
Монголынхоо нэрийг ирээдүйд олон удаа дуурсгах түүнтэй ярилцлаа.
-Юуны өмнө нь насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Хэдэн барилдаан хийж медальд хүрсэн бэ?
-Баярлалаа. Манай жинд нийт 44 барилдсан. Гавьяат тамирчин ахаас бусад манай бүх шилдэг жүдоч зодоглолоо. Миний хувьд зургаан барилдаан хийж хүрэл медаль хүртсэн. Эхний тойрогт гоц мөргөж. хоёрдугаар тойрогт Б.Сумьяабазарыг, дараа нь Н.Ихбаясгаланг. шөвгийн наймд ОУХМ Г.Хэрлэн ахыг ялж, хагас шнгшээд БТСДуС-ийн М.Ханболдод ялагдсан юм. Харнн хүрэл медалийн төлөөх барилдаанд “Aлдар”-ын Д.Баярмагнай ахыг цэвэр ялж хүрэл медаль хүртлээ.
-Хамгийн хүнд барилдаанаа хэнтэй хийсэн бэ?
-Шөвгийн наймд Г.Хэрлэн ахыг “Golden Score”-д ялсан барилдаан хүнд бодсон. Алтан цагт миний хийсэн мэхэнд дэвжээний шүүгч Хэрлэн ахад “иппон” заасан. Харин дараа нь шүүгч нар нягталж үзээд үнэлгээ өгөөгүй. Энэ үед өөрөө явж барилдаж, үнэлгээ авахгүй бол болохгүй нь гэж бодоод этэх мэхээр юүко үнэлгээ авч ялалт байгуулсан.
Хүрэл медалийн төлөөх барилдаан ч ялгаагүй хүч шавхсан барилдаан болсон.
анх удаа оролцож, медальд хүрлээ. Хоёрдугаар тойрогт таарсан “Женко” клубийн Б.Сумьяабазартай олон удаа барилдсан. Бид хар багаасаа өсвөрийн тэмцээнүүдэд олон удаа таарч барилдаж байгаа. Харин бусадтай нь анх удаа барилдлаа.
-Ингэхэд яагаад жүдоч болохоор шийдсэн юм бэ?
-Багаасаа бөх болохыг мөрөөддөг хүүхэд байлаа. Тиймээс “Аваргын гараа” үндэсний бөхийн өсвөр үеийн барилдаанд оролцох гэж хотод ирсэн ч, хоцорчихсон юм. Ингээд бөх болж чадахгүй нь гэж бодохоор өөрийн эрхгүй уйлж, аав ээж хоёртоо гомдоллосон. Харин дараа нь аав маань Ц.Шийрэв багштай маань уулзаад намайг жүдогоор хичээллүүлэх сонирхолтой гэдгээ хэлсэн юм билээ. Тэр цагаас Шийрэв багшийнхаа удирдлага дор жүдогийн эрдэмд суралцсаар явна. Энэ дашрамд багшдаа баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна.
-Чи аль нутгийнх вэ?
-Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн. Долдугаар ангиасаа хотод орж ирсэн.
-Анхны медалиа ямар тэмцээнээс авч байв. Өсвөр үеийн тэмцээнд ямар амжилт үзүүлээд байгаа вэ?
-Жүдогоор хичээллээд удаагүй байхдаа клубийн аварга шалгаруулах тэмцээнд 27 кг-ын жинд анхны хүрэл медаль авч байлаа. Дараа нь Дорноговь аймагт болсон ОУХМ Я.Дорж багшийн нэрэмжит олон хотын тэмцээнд анхны алтан медалиа авсан. Миний хувьд өсвөр үеийн УАШТ-д гурав түрүүлж, нэг удаа мөнгөн медаль хүртсэн. Мөн өнгөрсөн жил залуучуудын улсын аваргад хүрэл медаль аваад байгаа.
-Хилийн чанадын тэмцээнээс хэр олон медаль аваад байна вэ?
-Өнгөрсөн жил өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Мөн Азийн АШТ-ээс мөнгө, хүрэл медаль авч байлаа.
-Хамгийн дурсгалтай тэмцээн?
-Өнгөрсөн жилийн АНУ-ын Майами хотод болсон өсвөр үеийн ДАШТ. Одоогоор миний оролцоод байгаа том тэмцээний хамгийн эрхэм медаль учраас дурсгалтай санагддаг. Олон барилдаан хийж байж хүрэл медаль авсан.
-Өсвөрийн дэлхийн аваргад хаанахын бөхчүүдтэй барилдаж медальд хүрсэн бэ?
-ДАШТ-ий эхний даваанд Португалийн бөхийг вазаригаар илүүрхэж, улмаар цэвэр ялсан минь бусад барилдаанд маань сайнаар нөлөөлсөн. Дараа нь Гүрж, Алжир, Узбекистаны жүдочдыг ялж, зооны аваргын төлөөх барилдаанд Японы бөхөд торгуулиар хожигдсон. Энэ нь надад том сургамж болсон. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын бөхийг ялсан юм.
-Японы тамирчинг ялах боломж байгаагүй юм уу?
-Жаахан хурд дутсан. Дэвжээнээс зугтаж барилдсан маань торгуулах шалтгаан болсон байх.
-Японы бөхөд ялагдсаны дараа багш тань юу зөвлөсөн бэ?
-Хожих боломжтой байсан бөхдөө дийлдчихлээ. Одоо Францын тамирчныг заавал ялах хэрэгтэй” гэж захисан. Багшийнхаа хэлсэн ёсоор хамаг хүч чадлаа дайчилж барилдсан. 50 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Б.Амартүвшин бид хоёр жүдогийн өсвөрийн ДАШТ-ээс анхны медалийг эх орондоо авчирсандаа баяртай байна.
-Жүдочдоос хэнийг хүндэлдэг вэ?
-Олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Д.Төмөрхүлэг, Г.Болдбаатар гээд ах нарын барилдааныг харж, биширч явдаг.
-Цаашдын зорилго?
-Тив, дэлхийд нэрээ дуурсгасан сайн жүдоч болохыг хүсдэг.
-Ямар мэхийг голчлон хийдэг вэ?
-Сууж үүрэх, жийх, этэх гээд хөл мэхнүүдийг хийдэг.
-Аль сургуульд сурдаг вэ?
-Нийслэлийн 65 дугаар сургуулийн 11 дүгээр ангид сурдаг.
-Тэмцээн, уралдаан бэлтгэл сургуулилалт гээд явахад ангийнхан чинь хэр дэмждэг вэ?
-Маш сайн дэмждэг. Ангийнхан гэлтгүй, сургуулийнхан, багш нар маань маш сайн ойлгодог.
-Энэ жил олон тэмцээн хүлээж байна биз дээ?
-Тийм ээ. Ямар ч байсан дотоодод болох өсвөр үе, залуучуудын УАШТ-д амжилттай барилдаж түрүүлэх зорилготой. Хамгийн гол тэмцээн наймдугаар сард БНХАУ-ын Наньжин хотод болох хүүхдийн олимпийн наадам хүлээж байна.
-Монголынхоо нэрийг дуурсгасан сайн жүдоч болохыг ерөөе.
-Баярлалаа. Энэ дашрамд надад итгэл хүлээлгэдэг бүх хүнд, МЖБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хонгор нутаг” клубийн захирал Ч.Дорждэрэм ах, Ц.Шийрэв багшдаа, аав ээждээ баярлаж явдгаа илэрхийлье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
