Уншиж байна ...

Өрнөд ба Оросын зөрчлийг хурцатгаж буй “Storm Shadow” пуужингийн тухай

Т.Давааням, ikon.mn
2024 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Оросын газар нутгийн гүнд Өрнөдийн нийлүүлсэн алсын тусгалын зэвсгийг ашиглах Украины хүсэлтийг АНУ, Их Британийн эрх баригчид яг одоо хэлэлцэж байна.

Их Британийн ерөнхий сайд Кир Стармер өчигдөр Вашингтонд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар айлчлан очсон бөгөөд энэ үеэр уг асуудал шийдэгдэх магадлалтай байгаа юм.

Албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Украинд АНУ-ын зэвсгийг биш, Их Британийн зэвсгийг Оросын нутагт ашиглах эрх өгөх магадлалтай болжээ.

Тухайлбал “Storm Shadow” пуужингийн цохилтын хүрээнд тавьсан хязгаарлалтыг цуцалж магадгүй болсон байна.

“Storm Shadow” бол агаараас харвадаг алсын тусгалын далавчит пуужин юм. Өөрөөр хэлбэл газраас биш, байлдааны нисэх онгоцноос харвадаг гэсэн үг. Тусгалын зай нь 250 км хүрдэг.

Уг зэвсгийг Их Британи улс Украинд нийлүүлдэг ч Франц, Британийн инженерүүд хамтран зохион бүтээсэн юм. Үүнээс гадна Итали улсын оролцоотой компанид АНУ-ын эд ангиар үйлдвэрлэдэг.

Хэрвээ зөвшөөрөл олгогдвол Украины байлдааны нисэх онгоцноос Курск, Ростов муж зэрэг Оросын газар нутаг дахь цэргийн байгууламжуудад довтлох боломжтой болох юм.

Ингэснээр Оросын армийн нутаг дэвсгэр дээрээсээ Украины хотуудад өгч буй агаарын цохилтыг бууруулах боломжтой.

“Storm Shadow” пуужингийн нэг бүрийн өртөг $1 сая.

Британийн засгийн газар уг зэвсгийг анх удаа Украинд нийлүүлснээ 2023 оны тавдугаар сард зарлаж байв.

Гэхдээ энэхүү зэвсгийг Украинд зөвхөн өөрийн хил хязгаар дотор ашиглах нөхцөлөөр нийлүүлж байжээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский алсын тусгалын зэвсэгтээ тавьсан хязгаарлалтыг цуцлахыг хэдэн сарын турш холбоотнуудаасаа хүсэж байгаа.

Гэхдээ уг хязгаарлалтыг цуцалснаар Украинд тактикийн шинэ давуу тал бий болох хэдий ч дайны үйл явцыг үндсээр нь эргүүлэх нөлөө үзүүлэхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

“Бид аливаа нэг төрлийн зэвсгийг дайны салхийг эргүүлэх гайхамшигтай шидтэн гэж бодох ёсгүй юм” гэж Лондонд төвтэй Chatham House бодлогын хүрээлэнгийн Орос, Евразийн Хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Кир Гилз хэлжээ.

Өрнөдийн холбоотнууд өнөөдрийг хүртэл алсын тусгалын зэвсгээ Оросын нутагт ашиглахыг хориглож байгаа нь дайны цар хүрээг өргөжүүлэхээс болгоомжилсон хэрэг юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэрвээ ийм шийдвэр гаргавал Өрнөдийн орнуудыг Украины дайнд шууд оролцогч болсонд тооцохоо анхааруулаад байгаа.

Тэрбээр үүний хариуд “зохих арга хэмжээг авна” гэж мэдэгдсэн ч яг ямар арга хэмжээ гэдгээ тодорхой хэлээгүй байна.

Өмнө нь тэр Украины дайн дахь Өрнөдийн оролцоо нэмэгдэх бүрд цөмийн зэвсэг хэрэглэхээр сүрдүүлж байсан.

Гэхдээ Оросын эрх баригчид цөмийн цохилтоос гадна өөр олон арга замаар хариу арга хэмжээ авах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

“Оросын авдаг ердийн, стандарт хариу арга хэмжээ нь Украины эсрэг террорист халдлагуудаа эрчимжүүлэх” гэж Гилз тайлбарлажээ.

Бас Европ даяар хорлон сүйтгэх үйл ажиллагаагаа өргөжүүлэх, өөрийн гал хөл болдог бүлэглэлүүдийг санхүүжүүлэх зэрэг хариу арга хэмжээнүүд байх боломжтой гэж тэр үзэж байна.

Өчигдөр Оросын тал тагнуулын үйл ажиллагаа явуулсан шалтгаанаар Москва дахь Британийн элчин сайдын яаманд ажилладаг зургаан дипломатчийг хөөсөн нь өөр нэг хэлбэрийн хариу арга хэмжээ байх магадлалтай юм.

Гэхдээ АНУ тэргүүтэй холбоотнуудын шийдэмгий бус байдал Оросыг улам зоригжуулж байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна.

“АНУ нөхцөл байдлыг хурцатгахаас болгоомжилж, Оросын түрэмгийллийг зогсоох шийдэмгий арга хэмжээ авахаас түдгэлзэж байгаа нь Орос болон түүний холбоотнуудад хүссэнээрээ тоглох боломж олгож байна” гэж Гилз тайлбарлажээ.

“Хэрвээ Оросын талд хүчирхэг, шийдэмгий байдлаа харуулбал тэд нөхцөл байдлыг хурцатгаж чадахгүй” гэж Chatham House хүрээлэнгийн өөр нэг судлаач Саманта де Бендерн хэлсэн байна.

2022 оны хоёрдугаар сард Украины дайн эхэлсэн цагаас хойш Өрнөдийн холбоотнуудын давах ёсгүй “улаан шугам” гэгчийг Путин дахин дахин зурж, шинэчилсээр ирснийг тэр тайлбарлажээ.

“Өрнөдийнхөн Украинд газар нутгаа чөлөөлөх хэмжээний биш, зөвхөн өөрийгөө хамгаалах хэмжээний зэвсгээр хангаж ирлээ. Өрнөдийн эрх баригчид улаан шугам хаа хүртэл зурагдсаныг, энэ нь зөвхөн их зэвсэг нийлүүлэхтэй холбоотой биш гэдгийг ойлгох хэрэгтэй байна” гэж Саманта де Бендерн хэлсэн юм.

 

Эх сурвалж: Aljazeera