Өнөөдрөөс эхлээд Улаанбаатар хотод хийгдэж байгаа зам засварын болон хийгдэх гэж байгаа ажлыг бүгдийг зогсоож Үндэсний аудитын газар болон Авлигатай тэмцэх газраар зам засварын шинэчлэл, бродюрын төсөв зах зээлийн өнөөдрийн бодит ханштай нийцэж буй эсэх, тендер зохион байгуулж буй процесс хуульд нийцэж байна уу үгүй юу гэдгийг шалгуулсны эцэст үргэлжлүүлэх талаар иргэдээс санал авахаар болж буйгаа Хотын дарга Х.Нямбаатар мэдэгджээ.
Санал асуулга зөвхөн тийм, үгүй гэсэн сонголттой байх юм байна.
Энэ талаар тэрбээр "Монгол Улс анх удаагаа Улаанбаатар хотод нэг жилийн дотор замын шинэчлэлийн 87 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хотын зам маш их эвдэрсэн, хагарсан, зарим газар асфальт нь урсаад алга болсон байдалтай байгаа. Зундаа бороо, өвөлдөө цас их орсноос давс, бодисын хэрэглээ хэд дахин нэмэгдсэнээс зам, бродюр гэмтсэн.
Иргэдийн дийлэнх гомдлыг "Замаа зас" эзэлж байна. Бонд гаргаж, зам засварыг санхүүжүүлж байгаа юм. Зарим тендерт маргаан гарах, дахин зарлах явдал гардаг.
Санал асуулгад 6, 7 буудал, Дамбадаржаа, Сэлх, Сэлбэ, Хайлааст, Чингэлтэй, Дарь-Эх, Шархад, Амгалан, Улаанхуаран, Баянхошуу, Нисэх, Толгойт, Яармаг, Нүхт, Ханын материал зэрэг захын хорооллын айл өрхүүд, хотын төвөөр дайран өнгөрдөг иргэд илүү оролцоосой. Яагаад ийм нөхцөл үүссэн бэ гэвэл Жэнко Баттулгын хамаарал бүхий 30 гаруй хүн НИТХ-д нэр дэвшиж байгаа. Түүний туслах жолооч, ах, эгчийн хүүхдүүд, шантааж хийдэг лайвчид нэр дэвшиж, хоёр үндсэн зүйлээр нийслэлийн өнөөгийн удирдлагын багийг харлуулах системтэй арга хэмжээг авч байгаа. Ингэхдээ бродюрын бизнес мафи явж байна, нөгөө нь Дунд голыг баллачихлаа гэдэг хоёр зүйлийг ярихаар төлөвлөгөө гаргаж байгаа тухай мэдээллийг би сонссон.
Ажил хийхэд төлөвлөнө, судална, зургаа зурах, батлуулах зэрэг олон үе шаттай байдаг. Замын бродюрыг замын шинэчлэлийн хүрээнд солих эсэхийг мэргэжлийн байгууллагууд шийддэг. Батлагдсан зураг төсвөөр тендер зарлах ажлыг Төрийн худалдан авах ажиллагааны газар зохион байгуулдаг юм.
Бродюрын бизнес хийж орон нутгийн сонгуулийн мөнгө босгож байна гэх яриа хүртэл гарсан байна лээ. Бид мөнгөгүй сонгууль хийх сонирхолтой байгаа.
Энэ жил 87 замын ажил хийгдэхээс 27 нь дууссан. Улаанбаатар хотод 60 замыг хучихгүй орхиод шалгуулсны эцэст ирэх хавар эхлүүлэх санал асуулгыг явуулах юм. Санал асуулга өнөөдөр 12:00 цагт ulaanbaatar.mn сайт болон бусад сайтаар явуулна. Санал асуулга зөвхөн тийм, үгүй гэсэн сонголттой байна.
Замаа засчихвал иргэдийн машины эвдрэл багасаж, зорчих хөдөлгөөний эрчим нэмэгдэх үр дүн гарах юм.
Жэнко, Зикагийн бригад хий сэдэв босгож, мэдээлэл багатай иргэдийн тархи толгойг эргүүлэхдээ сайн байгаа. Энэ хоёр хүн нийлж 2008 онд хийх гэж байсан Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтыг зогсоосон. Үүний улмаас Монгол Улс 100 гаруй их наяд төгрөг олох боломжоо алдсан.
Одоо бродюрын сэдвээр том баг ажиллуулж байгаа мэдээллийг би авсан. Зандаахүүгийн Энхболд үүр шөнийн заагаар чулуун бродюрыг цохиж хагалаад зураг авчхаад явсан гэдэг мэдээллийг ч авсан.
Иргэд хариуцлагатай шийдвэрийг гаргаарай. Энэ хоёр хулгайчийн үг, үйлдлийг аудитын болон АТГ-аар шалгуулъя.
Энэ хүмүүс гаднын тавиул туршуул маягаар Монголд ажилладаг гэдгийг Хуульзүйн сайдаар ажиллаж байсан хүний хувьд хариуцлагатайгаар хэлье" хэмээн өөрийн цахим хуудсаар мэдэгдлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "Х.Баттулгын тухай олон зүйл ярина. Тухайлбал хувийн Майдар Сити хот руугаа Эрдэнэтээс хулгайлсан мөнгөөр засмал зам тавьсан баримт бэлэн байгаа. Энэ асуудал АТГ-т шалгагдаж байгаа цааш ч явахгүй байна. Хууль бүх хүнд үйлчилмээр байна АТГ-ын даргаа, Ерөнхий прокуророо" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!