Мягмар гарагийн өглөө Украины зэвсэгт хүчин Курск мужийн нутагт дайран орсон нь Оросын эрх баригчдын хувьд гэнэтийн цочир үйл явдал байлаа.
Оросын тагнуулын ажилтан энэ ажиллагааны талаар хоёр долоо хоногийн өмнө мэдсэн ч батлан хамгаалах яамны удирдлага үл тоомсорлож, ерөнхийлөгч Путинд мэдээлээгүй байсан тухай Блүүмбэрг агентлаг Кремлийн эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.
Тагнуулын мэдээг хэрэгсээгүй гол хүн нь Оросын зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов болохыг эх сурвалж баталсан байна.
Путин сүүлийн саруудад батлан хамгаалах яамандаа эрчимтэй халаа сэлгээ явуулж байгаа ч 12 жил гаруй хугацаанд жанжин штабыг удирдсан 68 настай генерал Герасимовыг хөндөөгүй юм.
Гэсэн ч Курскийн цөмрөлтийн дараа Кремлийн тэвчээр барагдаж байгаа тухай Блүүмбэргийн эх сурвалж ярьжээ.
Курск мужийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн Украины цэргийн бүлэглэлд ихээхэн хохирол учруулж, давшилтыг нь таслан зогсоосноо Лхагва гарагт Герасимов ерөнхийлөгч Путинд илтгэж байв.
Гэхдээ энэ илтгэлийг хэрхэн хүлээж авч байгаа нь Путиний царайн хувирлаас илт харагдаж байлаа.
Үнэн хэрэгтээ Украины цэргүүд хилээс 10 км хүртэл гүнд давшиж, Европын зах зээлд байгалийн хий нийлүүлэх замын сүүлчийн дамжлага болох Суджа хотыг эзэлсэн тухай мэдээ ирж байгаа.
Мөн үүнээс гадна Оросын хилийн болон хугацаат цэргийн алба хаагч 40 орчим цэрэг Украинд олзлогдсон байна.
Оросын цэргүүд бэлтгэл муутай байснаас давшилтын эхэн үед бараг эсэргүүцэл үзүүлэлгүй бууж өгснийг эх сурвалж Блүүмбэргт мэдээлжээ.
Эх сурвалж: Bloomberg
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!