Засгийн газрын 2024 оны 188 дугаар тогтоолоор импортын цементийн татвар 20 хувь байсныг аравдугаар сарын 31-н хүртэл таван хувь болгож бууруулсан.
Үүнтэй холбогдуулан импортын цементийн чанар, аюулгүй байдалд Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам болон Нийслэлийн Хяналт, Шалгалтын Газраас хяналт шалгалт хийсэн байна.
Тус ажлын хүрээнд 44-ийн зах дээр борлуулагдаж буй Хятадаас цемент импортолсон таван Аж Ахуйн Нэгж (ААН)-ийн зургаан дээжид хяналт шалгалт явуулжээ.
Нийтдээ 42.5 маркийн цементүүд хяналт шалгалтад орсон бөгөөд гурван дээж нь 42.5-ын бат бэхээ хангаагүй аж.
Гурван дээжээс нэг нь стандартын шаардлага хангаагүй. Хоёр дээж хүлцэх алдаа буюу бага зэргийн согог гэмтэл нь зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа талаар холбогдох албаны дарга өнөөдөр 44-ийн зах дээр хэвлэлийн хурал зохион байгуулах үеэр мэдээлсэн юм.
Үүний дараа хяналт шалгалтаар илэрсэн дутагдлуудын талаар Барилгын техникийн хяналтын улсын байцаагч С.Мөнхцэлмэг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Импортоор орж ирсэн цементэд гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн шинжилгээний бичиг, чанарын гэрчилгээнүүд байхгүй байсан. Аж ахуйн нэгжүүдээс асуухад гарал үүслийн гэрчилгээг гаалийн бүрдүүлэлт хийхэд ашигладаг мэтээр ойлгож байна.
Гэтэл тэр мэдээллийг зөвхөн гаалийн бүрдүүлэлт дээр ашиглаж байгаа бол маш харамсалтай. Иргэд, аж ахуйн нэгжүүд импортоор орж ирж буй барилгын материалыг худалдан авахдаа гарал үүслийг гэрчилгээ болон чанарын паспортыг нэхэж авах шаардлагатай.
Тухайлбал цемент нь үйлдвэрлэснээс хойш гурван сарын дараа бат бэхээ алддаг. Тиймээс чухал мэдээллүүд чанарын паспорт дээр заавал бичигдсэн байх учиртай.
Үүнийгээ худалдан борлуулж буй цэг дээр зар байгаа аж ахуйн нэгжүүд нээлттэй байршуулах ёстой" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!