Уншиж байна ...

Женефер Браш: УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэх болов уу гэж харж байна

Э.Намуунцэцэг, iKon.mn
2024 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглах хорооны тэргүүн, Элчин сайд Женефер Браш цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Энэ удаагийн сонгуулийн үеэр урт болон богино хугацаанд ажиглалт хийхээр гадаадын 200 гаруй ажиглагч ирээд байна. 

Элчин сайд Женефер Браш хэлэхдээ "Монголын нийт хүн амын тал хувь нь Улаанбаатарт ажиллаж, амьдардаг тул нийт ажиглагчийн олонх нь нийслэлд томилогдсон. Ингэхдээ хэд хэдэн хэсгийн хороон дээр очиж ажиглалтаа үргэлжлүүлж байна. Мөн хөдөө орон нутаг дахь тойрог бүрд ажиглагчид томилогдсон бөгөөд тайлан үнэн бодитой гарахад чухал нөлөөтэй" гэсэн юм.  

Ташрамд дурдахад тус хороотой Европын Парламентын бүрэлдэхүүний баг нэгджээ. Ингэснээр Сонгууль ажиглах хороог олон улсын чанартай болгож байгааг энэ үеэр албаныхан онцолж байв. 

Сонгуулийн ажиглах хороог байгуулсан Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-д нийт 57 улс орны төлөөлөл багтдаг. Тэдгээрээс Ватиканы улсаас бусад орны сонгуулийг тус байгууллагынхан хөндлөнгөөс ажиглажээ. 

"УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэнээр нийгмийн бүх бүлэг болон эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Мөн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээллийг энэ он дуустал хүлээн авах бөгөөд хэрхэн шийдвэрлэж байгаа талаар ажиглалтаа үргэлжлүүлнэ"  гэдгээ Элчин сайд Женефер Браш тодотгов. 

Мэргэжлийн шинжээчдийн баг бүрэлдэхүүн Сонгуулийн ажиглалтын урьдчилсан дүгнэлтээ маргааш 15:00 цагт танилцуулах юм байна.