Уншиж байна ...
Зураг
Зураг

Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ туулах зайгаар өрсөлдөж эхэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Nio компанийн ET7 загварын салон

Цахилгаан хөдөлгүүртэй автомашинд зориулсан хагас хатуу төлөвтэй (semi-solid) батарей үйлдвэрлэгч Beijing WeLion New Energy Technology компанийн борлуулалт өнгөрсөн сард эрс өссөн тухай China Automotive Battery Innovation Alliance байгууллагын тайланд мэдээлжээ.

Энэ нь Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн дараагийн түвшинд буюу туулах зайн өрсөлдөөнд шилжсэнийг харуулж байна.

Шанхай хотод төвтэй Nio цахилгаан автомашин үйлдвэрлэгчийн хөрөнгө оруулалттай WeLion компани нь өнгөрсөн сард нийтдээ 482.9 мегаватт/цаг багтаамжтай батарейг зах зээлд нийлүүлсэн нь өмнөх сараас 30.9 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Тус компанийн 150 киловатт/цагийн багтаамжтай батарей нь нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр автомашиныг 1,000 км хүртэл явуулдаг юм.

Өнгөрсөн сард ийм батарей 3,200 ширхгийг үйлдвэрлэгчдэд нийлүүлсэн байна.

Шингэн электролитод суурилсан батарейтай харьцуулахад хатуу төлөвтэй батарей нь аюулгүй болон найдвартай байдал, эрчим хүчний хэмнэлт зэргээрээ давуу талтай юм.

Гэхдээ өртөг нь өндөр тул хараахан цахилгаан автомашин үйлдвэрлэлийн салбарт нэвтрээгүй байгаа.

Харин WeLion компанийн шингэн, хатуу электролит хослуулсан хагас хатуу төлөвтэй батарей одоогоор үйлдвэрлэгчдэд хамгийн боломжтой хувилбар болоод байна.

Хятадын зах зээлд одоохондоо ганцхан WeLion компани ийм батарей үйлдвэрлэдэг юм.

2021 онд Nio компани нэг бүрэн цэнэглэлтээр 1,000 км туулах чадвартай ET7 седан загвараа танилцуулж байжээ.

Гэхдээ батарейгаа хаанаас авсныг зарлаагүй юм. WeLion 2023 оны дундаас эхлэн Nio компанид бүтээгдэхүүнээ нийлүүлэх болсон байна,

Хятадын бусад үйлдвэрлэгчид, тухайлбал Гуанжоу хотын GAC Group, Шанхай хотын IM Motors хагас хатуу төлөвтэй батарей бүхий загвар үйлдвэрлэхээр ажиллаж эхэлсэн гэдэг мэдээлэл бий.

Өнгөрсөн сард Хятадын төрийн өмчит Chery Automobile компани мөн бүтээгдэхүүнийхээ төрөл зүйл, сонголтыг нэмэх зорилгоор хатуу төлөвтэй батарейд шилжих төлөвлөгөөг зарласан байна.

Хятад улс нь цахилгаан хөдөлгүүрт автомашины дэлхийн хамгийн том зах зээл бөгөөд дэлхий дахины нийт борлуулалтын 60 хувийг дангаар эзэлдэг юм.

 

Эх сурвалж: South China Morning Post