Уншиж байна ...
Зураг
Зураг

Зугтсан үхрийг машинаар мөргөж зогсоосон цагдаагийн газраас Британийн сайд тайлбар шаардав

Т.Давааням, ikon.mn
2024 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Британийн сошиал ертөнцөд цагдаагийн автомашин үхэр мөргөж байгааг харуулсан дүрс бичлэг тарсан юм.

Баасан гарагийн орой Лондон хотын хөрш Стайнс-апон-Тэмз хотын гудамжаар фермээс алдагдсан нэг үхэр сул гүйж, автомашинуудыг гэмтээж байгаа тухай мэдээллийг орон нутгийн цагдаагийн хэсэг авсан байна.

Цагдаа нар үхрийг барих гэж хэдэн цаг хөөцөлдөөд чадаагүй тул машинаар мөргөж зогсоох шийдвэр гаргажээ.

Мөргүүлсэн үхрийг мал эмнэлгийн мэргэжилтнүүд эмчилж байгааг цагдаагийн хэсэг сүүлд мэдээлсэн байна.

Гэхдээ цагдаа нарын авсан арга хэмжээ амьтанд хайртай британичуудыг бухимдуулсан юм.

Асуудлын хүрээ өргөжиж, Британийн дотоод хэргийн сайд Жэймс Клэвэрли цагдаагийн байгууллагаасаа тайлбар шаарджээ.

“Ийм арга хэмжээ авах болсон шалтгааныг би ойлгохгүй байна. Энэ талаар бүрэн дүүрэн тайлбар яаралтай өгөхийг би цагдаагийн байгууллагад хүслээ. Ийм хатуу арга хэрэглэх шаардлагагүй санагдаж байна” гэж сайд сошиал хуудсандаа бичсэн юм.

BBC сувгийн байгаль орчны сэтгүүлч Крис Пэкхэм “Ямар мангас нь үхэр дайрдаг байна?” хэмээн бухимдлаа илэрхийлжээ.

Британийн амьтны эрхийг хамгаалах RSPCA байгууллага уг асуудлаар цагдаагийн байгууллагатай уулзахаар болсноо мэдээлсэн байна.

Суррей мужийн цагдаагийн газар хөндлөнгийн байгууллагаар болсон үйл явдлыг шалгуулж, дүгнэлт гаргуулахаар болсноо мэдэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press