"Grow with Google Mongoia" хөтөлбөрийг төгсөгчдөд батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа МҮХАҮТ-д өнөөдөр зохион байгуулагдлаа.
Google компани, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамны мэргэжлийн цахим ур чадвартай боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй "Grow with Google" хөтөлбөр энэ оны дөрөвдүгээр сард эхэлж байсан.
Нийт хүсэлт ирүүлсэн 2,292 хүнээс 350 элсэгчийг сонгож, мэдээллийн технологи, цахим аюулгүй байдал, дижитал маркетинг ба цахим худалдаа, дата шинжилгээ, төслийн удирдлага, UX дизайн гэсэн зургаан ангид хуваан гурван сарын турш амжилттай сурч төгслөө.
Энэ үеэр Цахим Хөгжил, Харилцаа Холбооны сайд Н.Учрал "Grow with Google хөтөлбөрийн эхний 350 төгсөгчид "google career certificate"-тай болж буйгаараа онцлог.
17 настай хүүхэд, Дорнодоос долоо хоног бүр ирж суралцаж буй малчин, Суданд энхийг сахиулж буй алба хаагч гэх мэт 350 хүн энэ хөтөлбөрийг амжилттай төгслөө. Дэлхий даяар "google career certificate"-тай сургалт маш үнэ цэнтэй байдаг.
Бид энэ хөтөлбөрийн хэмжээнд 1,000 мэргэжилтэн бэлтгэх том зорилт дэвшүүлсэн. Өнөөдөр төгсөж буй "google career certificate"-тай малчин, хүүхэд, энхийг сахиулагч, залуус нартаа баяр хүргэе.
Дэлхийд тренд болж буй санаануудыг нутагшуулж чадвал энэхүү сургалт шинэ ажлын байр, эдийн засгийн орлогын бүтцийг бий болгох юм.
Хүнээ сайн бэлдэж чадвал уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг мэдлэг рүү шилжүүлэх бүрэн боломжтой.
Дараагийн 350 хүнийг тус хөтөлбөрт бүртгэх ажил эхэлсэн. Өмнө нь хамрагдаж чадаагүй хүмүүс одоо зарлагдаж буй хөтөлбөрт оролцох боломжтой гэдгийг хэлье" гэв.
Батламж гардуулах үйл ажиллагааны нээлтийн үеэр "Grow with Google Mongoia" төслийн санаачлагч Б.Тэмүүлэн "Өнөөдрийн батламж гардуулах үйл ажиллагаа нь манай хөтөлбөрийн төгсөлт биш.
350 хүн анх хөтөлбөрт суралцахаар орж ирсэн. Үүнээс 150 нь хөтөлбөрийн дараагийн үе шат болох дадлага, ажлын байрны зуучлалд хамрагдаж байгаа.
"Grow with Google" хөтөлбөр нь Сингапур, Пакистан зэрэг Google компанийн стратегийн ач холбогдолтой эрэмбэд орсон улс оронд хэрэгждэг.
Монгол Улс технологийн хөгжлөөр Төв Азийн зах зээлд түүчээлж яваа учраас Google компани манай залуучуудад хөрөнгө оруулж буйд баяртай байна.
Манай хөтөлбөрт 17-65 насны хүмүүс хамрагдаж, 16,158 цагийн цахим, 960 цагийн зөөлөн ур чадварын хичээлүүдийг судалсан. Түүнчлэн дундаж нас 25 байсан бөгөөд 10 хүн тутмын зургаа нь эмэгтэйчүүд байсан.
Мөн хөтөлбөрийг дэмжигч найман байгууллагаар 245 элсэгч маань зочилж, ажлын байрны соёл, орчин, талбартай танилцсан" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!