Уншиж байна ...
Зураг
Зураг

Мексикийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр тайз нурснаас есөн хүн амиа алдав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Мексикийн ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийн нэг Хорхе Алварез Майнезын кампанит ажлын үеэр тайз нурснаас есөн хүн амиа алдаж, 50 орчим хүн бэртэж гэмтжээ.

Хойд бүсийн Нуэво Леон мужийн Сан Педро Гарза Гарсиа хотод болсон арга хэмжээний үеэр хүчтэй салхи гарсны улмаас тайзны хэсэг нурсныг Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор мэдээлсэн байна.

“Миний бие зүгээр. Болсон явдлын мөрөөр орон нутгийн эрх баригчидтай хамтран ажиллаж байна. Яг одоо хохирсон хүмүүст анхаарал тавих нь хамгийн чухал байна” гэж нэр дэвшигч Майнез мэдэгджээ.

Тэрбээр үүнтэй холбогдуулан сонгуулийн кампанит ажлаа түр зогсоосон байна.

Майнезыг тайзан дээр дэмжигчидтэйгээ  даллан мэндчилж зогсох үеэр аварга том дэлгэц болон металл бүтцийн хэсгүүд нуран унасныг сошиал сүлжээнд тарсан дүрс бичлэг харуулжээ.

Энэ үеэр нэр дэвшигч нурсан хэсэгт дарагдах аюулаас зугтаж чадсан байна.

Мексик улсын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 2-ны өдөр зохион байгуулагдах юм,

Төвийн үзэл баримтлалтай Иргэний Хөдөлгөөн намын хууль тогтоогч асан 38 настай Майнез одоо сонгогчдын дунд явуулсан санал асуулгаар гурав дугаарт жагсаж байгаа.

Санал асуулгыг тэргүүлж буй хоёр нэр дэвшигч нь нийслэл Мехико хотын захирагч асан Клаудиа Шэйнбаум, тус хотын Мигель Идалго дүүргийн захирагч асан Хочитл Галвез нар юм.

Эх сурвалж: Associated Press