Украинд үзүүлэх тусламжид Унгарын Орбан саад учруулж, Европын Холбоонд элсэх үйл явцыг гацаахаар сүрдүүлэв
Баасан гарагт Брюссель хотод чуулсан Европын Холбооны гишүүн 27 улсын төр засгийн тэргүүнүүд Украинд үзүүлэх санхүүгийн ээлжит тусламжийг батлахаар санал хураахад Унгар улсын ерөнхий сайд Виктор Орбан ганцаараа эсэргүүцжээ.
Өмнөх өдөр нь Украиныг Европын Холбоонд гишүүнээр элсүүлэх яриа хэлэлцээг эхлүүлэх асуудлаар санал хураахад Орбан танхимаас гарч явсан тул үлдсэн 26 улсын удирдагч саадгүй дэмжсэн юм.
Харин өчигдөр 50 тэрбум еврогийн тусламж үзүүлэх шийдвэрт тэрбээр саад учруулж чадсан байна.
Орбаны үйлдлийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өндрөөр үнэлж буйгаа илэрхийлээд Украиныг Европын Холбоонд гишүүнээр элсүүлэх яриа хэлэлцээг эхлүүлэх шийдвэрийг улс төржсөн, тус эвслийг тогтворгүй болгох эрсдэлтэй алхам хэмээн шүүмжилжээ.
Виктор Орбан нь Европын Холбооны эрх баригчидтай байнга зөрчилдөж, үүнийгээ Унгарын дотоод улс төрд давуу тал олж авахад ашигласаар ирсэн түүхтэй улстөрч юм.
Тэрбээр Украины тусламжид хориг тавьсан үйлдлээ Европын Холбооноос авах Унгар улсын санхүүжилтийг баталгаажуулах зорилготой гэж хэвлэлд ярихдаа тайлбарлажээ.
“Энэ бол Унгар улс авах ёстой зүйлээ авах ёстойг ойлгуулах сайхан боломж юм. Хагасыг ч биш, дөрөвний нэгийг ч биш, бүтнээр нь” гэж Орбан ярьсан байна.
Пүрэв гарагт Украины гишүүнчлэлийн яриа хэлэлцээг эхлүүлэх асуудлаар санал хураахад Европын Холбооны удирдагчид Орбантай тохиролцсон тул тэр саад учруулаагүй гэлцэж байв.
Харин өчигдөр ярихдаа тэр “Энэ бол буруу шийдвэр. Бид энэ үйл явцыг дараа нь ч зогсоож чадна. Шаардлагатай бол бид тоормосоо гишгэх болно. Эцсийн шийдвэрийг Унгарын парламент гаргана” гэж анхааруулжээ.
Европын Холбооны санал хураалтууд гишүүн 27 улсын 100 хувийн дэмжлэг авах ёстой байдаг. Украины тусламжийн асуудлаар ирэх нэгдүгээр сард дахин санал хураахаар болжээ.
“Украин тусламжгүй болно гэж айх хэрэггүйг би хэлмээр байна. Үүнийг батлах өөр арга замууд бий. Нэгдүгээр сард шийдэж чадна гэдэгт би итгэлтэй байна” гэж Эстони улсын ерөнхий сайд Каяа Каллас ярьсан байна.
“Бид дэмжлэгээ зогсоохгүй, бидэнд зөвхөн зарим нэг зүйлийг хамтдаа зохицуулах шаардлага гарлаа. Энэ бол Украинд хэлэх бидний үг юм” гэж Бельгийн ерөнхий сайд Александер Де Кру хэлжээ.
Хэдийгээр үйл явц нь хэдэн жилийн хугацаа шаарддаг ч гишүүнчлэлийн яриа хэлэлцээг эхлүүлэх шийдвэр нь Украиныг Оросын нөлөөнөөс холдуулж, Европт ойртуулах чухал алхам болсон юм.
Үүнийг шийдвэрлэх санал хураалтын үеэр Орбаныг танхимаас гаргахад Германы канцлер Олаф Шольц чухал үүрэг гүйцэтгэсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
